Ж.Батзандан: Сүүлийн таван жилд цахилгааны үнэ 31 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-20 14:19:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн таван жилд эрчим хүчний үнэ 31 хувиар нэмэгдсэн байгаа тухай УИХ-ын гишүүн ШИНЭН-ын дарга Ж.Батзандан өнөөдөр мэдээлэв.


УИХ дахь ШИНЭН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдээс мэдээлэл сонссон байна. Иймд эрчим хүчний үнэ нэмэгдээд буй болон тус салбарт тулгамдаад буй асуудлаар Засгийн газарт асуулга хүргүүлж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар албан ёсны хариулт авахаар болжээ. 


Мөн хуралдаанаар, эрчим хүчний хараат бус, бие даасан байдлыг гадаадын компанид худалдахыг оролдсон явдлыг таслан зогсоохын зэрэгцээ хууль хяналтын байгууллагад шилжүүлж хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж. 


УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан хэлэхдээ, “2016 онд эрчим хүчний салбарын сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат БНХАУ-ын “Багануур пауэр” компанид Багануурын цахилгаан станцыг өгөхөөс гадна үнэтэй цахилгаан худалдаж авах гэрээ байгуулсан. Тодруулбал, 1 квт цахилгааныг 6.3 цент буюу 171 төгрөгөөр 25 жилийн хугацаатай тус компаниас худалдаж авахаар гэрээнд тусгажээ. Түүнчлэн дээрх өртөгтэй цахилгааныг Монгол Улс худалдан авахгүй байсан ч дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй. Хэрвээ тус компаниар эрчим хүчний үйлдвэр бариулахгүй бол Монгол Улсын Засгийн газар 1.2 тэрбум ам.долларын төлөхөөр зохицуулсан гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Хятад компанид 1.2 тэрбум ам.долларын “шантааж”-ид оржээ. Тиймээс Монгол Улсыг өрөнд оруулсан дээрх гэрээг байгуулсан хүмүүсийг хууль, хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар болсноо илэрхийлье” хэмээв.


Зөвлөлийн хуралдаанаар, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах саналаа хэлэлцсэн байна. Ингэхдээ улс төрийн намуудын байр суурийг нэгтгэсэн тухай УИХ дахь ШИНЭН-ын дарга Ж.Батзандан мэдээллийнхээ үеэр дурдсан. Тэрбээр "Орон нутгийн сонгуулийн хуульд, ИТХ-ыг улс төрийн намаас ангид байлгаж жинхэнэ иргэдийн сонгууль явуулах зохицуулалтыг илэрхийлж байна" гэж тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ