Олон нийтийн цагдаа Б.Гэрэлцолмонг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайлангийн хурал энэ сарын 17-нд боллоо.
Мөн үеэр Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах үндсэн чиг үүргээ хангалттай биелүүлэн гал түймрийн аюулаас гурван иргэний амь насыг аварсан Баянцагаан сумын Олон нийтийн цагдаа Б.Гэрэлцолмонг Цагдаагийн Ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнажээ.
Тэрээр сар гаруйн өмнө 2019 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 01:20 цагийн үед Баянцагаан сумын 5 дугаар багт гал гарч байхыг хараад тухайн гэрт унтаж байсан иргэн “Б”, “Х”, “Х” нарыг сэрээж, галыг түргэн шуурхай унтрааж амь насыг нь аварсан байна. Тус айлын хураасан хөр, мод, нүүрс шатаад гэр рүү нь орж байсан аж.
Тус үйл явдал нь Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Наранбаатар, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Лувсандорж, олон нийтийн цагдаа Б.Гэрэлцолмон нар нь хариуцсан сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд болжээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 91.3-т зааснаар онцгой гавьяа байгуулж, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулсан цагдаагийн алба хаагчид сарын үндсэн цалинг таван хувьтай тэнцэх нэмэгдлийг олгох бөгөөд уг тэмдгээр шагнах тухай бүрд нь цалингийн хувийг нэмэгдүүлэн тооцож олгоно хэмээн заажээ.