Угаар мэдрэгчийг 7 хоног бүр шалгах хэрэгтэйг сануулж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-01-17 19:32:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд суурилуулж буй угаарын хий мэдрэгч дохиоллын төхөөрөмжийн ашиглах зааврыг нийслэлээс танилцуулж байна. 

Угаарын хий мэдрэгч тестер багаж бүхий төхөөрөмжийг ажиллуулахын тулд эхлээд сав боодлыг задалж, баттерей зайг төхөөрөмжид хийснээр асаж, өөрөө өөрийгөө шалгаж дуусах хүртэл ойролцоогоор 3 минут хүлээх юм байна. Асаах үед төхөөрөмж жингэнэн дуугарч улаан гэрэл 2 удаа анивчин асна. 

Төхөөрөмжийн дохио болон найдвартай ажиллагааг шалгахын тулд "test" гэсэн товчийг хэдэн секундийн турш дарна. Энэ нь Led дэлгэц болон дохиоллын баттерейн ажиллагааг мөн харж шалгаж байна гэсэн үг. Хэрэв төхөөрөмж 30 секунд тутамд ногоон гэрэл асахгүй, эсвэл LCD дэлгэц дээр "Err" гэсэн мэдээлэл гарч ирж байвал төхөөрөмж гэмтэлтэй байгааг илтгэнэ. 


Дохиолол дуугарч буй үед "Reset" товчлуурыг дарж унтраана. Унтарсны дараа угаарын хийн хэмжээ хэвээр байвал дохиолол дахин дуугарна. Жишээ нь:

  • 70 pmm -200ppm хооронд байвал 5 минутын дараа дохиолол дахин дуугарна.
  • 200ppm-ээс их байвал дохиолол тун удалгүй дахин дуугарна. 
  • 70ppm-ээс бага үед дахин дуугарахгүй. 


Ерөнхийдөө, угаарын хий хэмжигч төхөөрөмж нь улаан гэрэл асч байвал угаарын хий мэдрэгдэж байна. Ийм үед агаар сэлгэх ёстой гэсэн үг. Харин ногоон гэрэл 30 секунд тутамд анивчиж буй тохиолдолд ямар нэгэн аюулгүй хэвийн гэсэн үг. Шар гэрэл нь төхөөрөмжид аливаа нэгэн гэмтэл гарсныг илтгэнэ. Ямар ч нөхцөлд дохиоллыг тоохгүй өнгөрөөж болохгүй. 

Төхөөрөмж нь дохиоллын санах ойтой бөгөөд таныг эзгүй үед дуугарсан бол та дараа нь "tes/Reset" гэсэн товчлуурыг хэдэн секунд дарахад ногоон гэрэл секунд тутам анивчиж, илэрсэн угаарын хийн дээд хэмжээг дэлгэц дээр үзүүлнэ. Товчлуурыг дахин дарах юм уу, эсвэл 2 минутын дараа төхөөрөмж автоматаар хэвийн байдалд эргэн орно. 

Угаар мэдрэгч төхөөрөмжийг 7 хоног бүр шалгах хэрэгтэйг сануулж байна. 


Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал бүрэн хангагдахгүй бөгөөд та өөрийн орон сууц, гэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зөв галлагааны зааварчилгааг байнга дагаж мөрдсөнөөр гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учир сайтар анхаарна уу хэмээн нийслэлээс сануулж байна.

Нэгдүгээр сарын 15-ны байдлаар нийслэлд 18 мянга гаруй өрхөд угаар мэдрэгчийг суурилуулаад байна. Нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт 60 мянган угаар мэдрэгчийг дахин нийлүүлж суурилуулна.


Холбоотой мэдээ