Гэмт хэрэг өмнөх оныхоос 13 хувиар буурчээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2020-01-17 10:43:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээгээр 2019 онд нийт 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 13 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг ҮСХ-ноос мэдээлэв. 16 болон түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2019 онд 146 болж, өмнөх оныхоос 13.6 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг өмнөх оныхоос буурахад өмчлөх эрхийн эсрэг 4127, хулгай 4456, дээрэм 629, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 869, залилан 684, хүний амьд явах эрхийн эсрэг 78, үндэсний аюулгүй байдлын эсрэг 70-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Малын хулгайн гэмт хэрэг өмнөх оныхоос 713, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг123, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 58, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 104 -өөр тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 онд 162.3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 43.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос учирсан хохирол 31.0 тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 11.3 тэрбум төгрөгөөр өсчээ.

Холбоотой мэдээ