ШӨХТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-16 20:25:53

Булган /МОНЦАМЭ/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, иргэд, төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ажил байдалтай нь танилцлаа.

Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөмж өгч, орон нутагт ажиллаж байгаа орон тооны бус улсын байцаагч, төийн өмчит үйлдвэрийн газрын төлөөллүүдэд сургалт хийлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ахлах байцаагч Б.Лхагватай уулзахад:

-Өнгөрсөн онд манай газар “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил”-ийг зарласан. Монгол Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг бол бүх төрийн байгууллага болон иргэд олон түмэнд үйлчилгээ үзүүлж байгаа бизнесийн болон хувийн хэвшлийн төрийн бус байгууллагад нэгэн адил хамаардаг. Бүх шатандаа тухайн орон нутгийн иргэд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалан ажиллах зорилт тавьж үр дүнд хүрлээ. 2020 оныг “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарласан. Улсын хэмжээнд 160 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бүх төр захиргааны байгууллага бизнесээ дэмжих ёстой. Орон нутгийн удирдлагаас гаргаж байгаа шийдвэр аливаа өрсөлдөөнийг хязгаарласан, хэн нэгэнд давуу эрх олгосон, шударга өрсөлдөх нөхцөлийг хаасан байж болохгүй. Тийм учраас хуулиа мөрдөж, өмнө нь өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гаргасан бол засах шаардлагатай. Шинээр гаргах шийдвэртээ шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хангахад анхаарах зөвлөмжийг өглөө гэж ярилаа.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэгт Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг, мэргэжилтэн, улсын байцаагч Г.Ариунжаргал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам нар ажилласан байна.

Холбоотой мэдээ