Компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-16 17:40:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд хөрөнгийн зах зээл үүссэн өнгөрсөн 29 жилд манай улсын 16 компани олон нийтэд бонд санал болгон гаргаж үнэт цаасны зах зээлээс 25.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. 

Тэгвэл Зүүн Азийн бүс нутгийн улс орнуудын хувьд компаниудын гаргасан бондын зах зээлийн хэмжээг ДНБ-тэй харьцуулахад 2 болон түүнээс дээш хувьтай байна. Үүгээр харьцуулан тооцоход манай улсад дээрх үзүүлэлт туйлын бага, хангалтгүй дүнтэй байгааг өнөөдөр "Туушин" зочид буудалд болсон "Компанийн бондын зах зээлийн хөгжил ба зохицуулалтын орчин" сэдэвт семинар дээр хөндөж байв. 


Манай улсад хөрөнгө, санхүүгийн салбарын нэг хэсэг болох компанийн бондын зах зээл төдийлөн хөгжихгүй ирснийг дээрх байдал харуулж буйг өнөөдрийн семинарт оролцогчид онцоллоо. Энэ нь санхүүгийн салбарт арилжааны банкуудын давамгайлсан байдал хэвээр, компанийн бондыг худалдаж авах институтийн хөрөнгө оруулагчид байхгүй, үнэлгээ хийх компаниуд байхгүйгээс дата мэдээлэлгүй, Хөрөнгө оруулалтын сан байхгүй зэрэг байдал нөлөөлж буйг тэмдэглэж байв. Компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд:

  • Бонд гаргах талаар дүрэм журмыг тодорхой болгох зэргээр хууль эрх зүйн орчноо илүү сайжруулах
  • Олон нийтэд санал болгохгүйгээр компанийн бонд гаргах буюу “Private placement”-ийн харилцааг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгах,
  • Зээлжих зэрэглэл тогтоох санхүүгийн үйлчилгээний тогтолцоо бүрэн хөгжөөгүй
  • Компаниуд бонд гаргалтыг нэг удаагийн давтамжтайгаар бус, нэг удаа бүртгүүлсэн тохиолдолд олон удаа дахин зөвшөөрөл авахгүйгээр гаргах талаар нарийвчилсан зохицуулах,
  • СЗХ болон Хөрөнгийн биржийн үнэт цаасны зохицуулалтын давхардлыг арилгах хэрэгтэй байгааг хэлэлцэв. 

Тиймээс Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагаас манай улсад хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн 2 дахь шатаа бондын зах зээл буюу компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч энэ тал руу чиглүүлж буйг мэдээллээ. "Жайка" байгууллага дээрх төслийн хүрээнд компанийн бондын зөвлөхөөр Дэлхийн банк болон АХБ-ны бондын зах зээлийг хариуцсан, туршлагатай мэргэжилтэн Акамацу Норитоког ажиллуулж буйг дуулгасан юм. 


Ноён Акамацу Норитоко хэлэхдээ, “Монгол Улсын хувьд төдийгүй Азийн бусад улсад компанийн бондын зах зээл байхгүй тохиолдолд банкны сектор давамгайлах нь ойлгомжтой. Монгол Улсад өнөөг хүртэл гарсан компанийн бондууд нь хаалттай хүрээнд гарсан зээлийн хэлэлцээр хэлбэрээр байгаа нь харагдсан. Мөн банкуудын зээлийн болон хадгаламжийн хүү хоорондын зөрүү өндөр байгаа нь санхүүгийн зуучлалын үйлчилгээ сул хөгжсөнтэй холбоотой байна. Энэ нь компанийн бондын зах зээлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс болж байна" гэсэн өөрийн байр сууриа өнөөдөр илэрхийллээ.


Тэрээр, "Монголд санал болгосон бондууд дандаа хаалттай хүрээнд, богино хугацаатай гарсан байна. Үүнийг компанийн бонд гэж нэрлэхээс илүү зээл гэвэл тохирох байх. Энэ байдал нь компанийн бондын өнөөгийн зах зээл сул байгааг нэг талаар илтгэж байна. Монгол Улсад компанийн бондыг цаашид хөгжүүлэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хувийн тэтгэврийн сангуудыг хөгжүүлэх явдал. Энэ талын хөгжил нь компанийн бондын зах зээлийн хөгжилд шууд нөлөөлнө" гэж байлаа. "Жайка"-гаас хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн II шат 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ