Монгол Улсын хүн ам сүүлийн 10 жилд 540 мянгаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-16 16:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого улсын хэмжээнд дууссан талаар ҮСХ-ноос өнөөдөр мэдээллээ. 

Одоо тооллогын мэдээллийг нэгтгэж нягтлан урьдчилсан байдлаар ирэх 5 дугаар сард гаргах талаар Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал мэдэгдлээ. Тэрээр, "Одоо хүн амын тооллогод хамрагдсан 10 хувийн нэг хувь дээр хяналтын тооллогыг 3 хоногт хийнэ. Энэ нь энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллогод иргэдийн хамрагдсан байдал, тооллогын агуулгыг нягтлах тооллого юм" гэдгийг хэлж байна. 


Энэ удаагийн хүн амын тооллого явуулахын өмнөх өдөр Хүн амын бүртгэлийн нэгдсэн санг түр хаасан бөгөөд, үүгээр манай улсын хүн ам 3 сая 300 мянга байсан байна. 

Сүүлийн 10 жилд хүн ам зүйд гарсан томоохон өөрчлөлт нь 2000-2010 онд манай улсын хүн ам 404 мянгаар өсөж байсан бол 2010-2020 онд 702 мянган хүүхэд төрж, 158 мянган хүн нас барж, хүн ам 540 мянгаар нэмэгджээ. 

Монгол Улсын Хүн ам, орон сууцны дараагийн ээлжит тооллого 2030 онд болно. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ