Малын хулгайчид эрүүгийн хариуцлага тооцох хуулийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-16 13:02:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.


Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй ихсэж байгаа төдийгүй ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломж гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Тодруулбал, малын хулгайчид 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ял оноох юм. Хүндрүүлэх нөхцөл буюу найман бог, хоёр бодоос олон тооны мал хулгайлсан, хил давуулсан бол 2-8 жил хорих заалт тусгасан.


Уг хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ