Усны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-16 12:36:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсийг баталснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж буй.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас төсөлд “усны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж тусган хүчин төгөлдөр мөрдөж буй Усны тухай хуулийн нэр томьёотой жигдэлсэн байна. Хуулийн төслийн 16 дугаар зүйлд 16.4.1, 16.7.4 дэх заалтыг өөрчлөх саналын томьёоллыг бэлтгэснийг чуулганд оролцсон гишүүд дэмжлээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монгол орны нутгаас ОХУ, БНХАУ руу гардаг гол мөрний усыг нөөцлөх, дотооддоо ашиглах боломж байдаг эсэхийг тодрууллаа. Олон улсын гэрээ, конвенцын дагуу хил дамнан урсдаг гол мөрний урсцаас 10-15 хувийг ашиглах боломж байдаг гэдгийг ажлын багийн гишүүд хариулав.


Харин УИХ-ын гишүүн О.Батнасан, Оюу толгой компани нэг шоо метр ус ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлдгийг тодруулав. Тус компани нэг шоо метр усыг 959 төгрөгөөр авдаг гэдгийг ажлын багийн гишүүд хариулав. Мөн тус компанид зориулсан тодорхой хөнгөлөлт үзүүлдэггүй гэдгийг онцолж байлаа.


Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ