Ноос, ноолуурын холбоо "Кашмер платформ"-ыг бий болгохоор ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-16 12:40:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ноос, ноолуурын холбоо ХХААХҮЯ-ны захиалгаар ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагааг үнэлж дүгнэх аттестатчиллыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. 

Энэ нь Монгол Улсын экспортын гол салбарын нэг ноос, ноолуурын үйлдвэрлэлийн өнөөгийн дүр төрх, үйл ажиллагааг үнэлж дүгнэн, цаашдын ирээдүйг төлөвлөх мэргэжлийн судалгаа бүхий аттестатчилал болсныг оролцсон мэргэжилтнүүд хэлж байна. Аттестатчилалд давхардсан тоогоор ноос, ноолуурын 194 үйлдвэр хамрагдаж үйл ажиллагааг нь үнэлж дүгнэжээ. 

Монголын Ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, судалгаа, аттестатчиллын баг Монгол Улсын зөвлөх инженерүүд, доктор профессор, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн багш нарын оролцоотой 14 хүний бүрэл­дэхүүнтэй, мэргэжлийн хүмүүс ажилласныг дурдаад, аттестатчилалд хамрагдсан компани тус бүрт технологи, тоног төхөөрөмж, ажлын байрны нөхцөл, брэндинг, экспорт, тогтвортой үйлд­вэрлэлийн зарчим, ISO стандарт буюу Монголын "Хаан ширхэгт" тэмдгийг эзэмшдэг эсэх зэрэг үзүүлэлтээр үнэлгээ өгч, зөвлөмж хүргүүлснийг онцолж байна.

Ноос, ноолуурын үйлдвэр, ААН-үүдийн суурилагдсан хүчин чадал, ашиглалт, хүний нөөц, санхүү, борлуулалт, зах зээлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж харахад, анхан шатны үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжтай болж байна. Нэг цэвэрлэх байгууламжид доод тал нь 800 саяас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг тодотгож байна. Тэрээр, "Үйлдвэрүүд сүүлийн үеийн техник технолог ихээр нэвтрүүлжээ. Үүнийгээ дагаад бүтээгдэхүүний чанар, стандартын хувьд дэвшил гарч чадаж байна. Компаниуд өөрсдийнхөө брэндингийг бий болгож хөгжүүлж байна. Кластирын системээр болон “Монголын Хаан ширхэгт” тэмдэгтийг бий болгон ажиллаж байгаа олон сайхан ололт амжилтыг дурдаж болох юм. Манай салбарыг төр, засаг урт хугацааны оновчтой бодлогоор дэмжээд өгвөл монгол ноолуураар дэлхийг гоёход ойрхон байна. Тиймээс энд юуны өмнө угаасан ноолуурын экспортыг хориглох шаардлагатай байна" гэлээ. Үйлдвэрүүдийн аттестатчиллын талаар түүнээс цааш нь тодруулсан юм.

 

-Манай улсад угаасан ноолуур гаргахыг хориглолоо гэхэд дараагийн шатны дамжлага болох самнах хүчин хэр хангалттай байна?

-Хангалттай. Хялгас ялгахын хүчин чадал нь түүхий эдийн нөөцөөсөө давсан байна. Харин ашиглалт нь бага байгааг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байна. 

-Дээрх нөхцөлд ажлын байр хэдээр нэмэгдэнэ гэж үзэж байна?

-Зөвхөн хялгас ялгах ч бус суурилагдсан нийт хүчин чадлаа 100 хувь ашиглавал ноос, ноолуурын үйлдвэрүүд 20 мянган хүнийг тогвортой, байнгын ажлын байраар хангах боломжтой. Энэ нь аттестатчиллын үеэр харагдсан. Бас нэг зүйл нь үйлдвэрүүд самнах, ээрэх, нэхэх, сүлжих, гүйцэтгэн боловсруулах технологийн бүхий л шатанд хүчин чадлын ашиглалт нэмэгдэхээр байна. Тиймээс үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг даруй шийдвэрлэх шаардлагатай байна. 

Монгол ноолуурын чанарыг дэлхийд таниулах “Монголын Хаан ширхэгт” тэмдэгтийг манай улс бий болгосон. Энэ нь монгол ноолуурыг гадаад зах зээлд гаргахад томоохон дэмжлэг болно. Үүнээс гадна Монголын ноос, ноолуурын холбооноос хэрэгжүүлэхээр зорьж байгаа нэг томоохон ажил нь "Кашмер платформ" буюу ноолуурын зах зээлийн талбар бий болгох явдал юм. Олон улсын байгууллагуудын дэмжлэгээр 2020 оны нэгдүгээр улиралд кашмер платформыг бий болгохыг зорьж байна. Энэ нь төр болон олон улсын төсөл хөтөлбөрийг нэгтгэсэн хамтын ажиллагааны талбар болох юм гэв.

Б.Болд



Холбоотой мэдээ