Цэргийн бүртгэл нийслэлд энэ сарын 20-ноос эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-01-14 13:46:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 7-нд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна.

Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

·         Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/

·         60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд

·         55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Энэ удаагийн цэргийн бүртгэлийг нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулж буйгаараа онцлог юм.


Холбоотой мэдээ