Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаж хүүхдийн мөнгөө авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-14 15:26:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхдэд амьжиргааны түвшин харгалзахгүй хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан.

Дундговь аймгийн хэмээнд 2019 оны 12 дугаар сарын байдлаар 0-18 насны нийт 16,143 хүүхэд байгаа бөгөөд шинэ он гарсаар 65 хүүхэд мэндэлжээ. Тиймээс одоо энэ хүүхдүүд бүгдээрээ хүүхдийн мөнгө буюу сар бүр 20,000 төгрөг авах болж байна.

Харин 2019 оны 12 дугаар сарын байдлаар 14780 хүүхэд аймгийн хэмжээнд хүүхдийн мөнгө авч байсан бөгөөд одоо 1363 хүүхэд шинээр бүртгүүлэх шаардлагатай юм.

Энэ ажил Дундговь аймагт хэрхэн явагдаж байгааг ХХҮГ-аас тодруулахад одоогийн байдлаар 100 гаруй иргэнд мэдээлэл зөвлөгөө өгч, 60 гаруй өрхөөс хүсэлт хүлээн аваад байгаа ажээ.

Иргэд хүсэлт гаргахдаа хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхний хуулбарыг авчрах хэрэгтэй бөгөөд мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож, хүүхдийн мөнгө олгох тул нэг сардаа багтаан халамжийн ажилтанд хандахыг ХХҮГ-аас зөвлөж байна.  

Иргэд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ харьяа сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан шалгуулах, хэрвээ бүртгэлгүй бол тусгай асуулгын хуудсын дагуу өргөдлөө гаргах хэрэгтэй ажээ. 

Холбоотой мэдээ