Батлан хамгаалахын зардал, ДНБ-ий харьцаагаар БНАСАУ нэгдүгээрт бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-10 12:55:10

СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн улс орнуудын 2007-2017 оны батлан хамгаалахын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ үзүүлэлттэй нь харьцуулсан жагсаалтын нэгдүгээрт БНАСАУ бичигдсэн талаар АНУ-ын Төрийн департамент пүрэв гарагт мэдээлжээ.


Төрийн департаментын Дэлхийн зэвсэгт хүчний зардал, зэвсэглэлийн шилжүүлгийн 2019 оны тайланд дурдсанаар, БНАСАУ-ын цэргийн зардал жилд ойролцоогоор 3.6 тэрбум ам.доллартай тэнцсэн ажээ. Үүнийг тус улсын ДНБ-ий 2007-2017 оны дундаж үзүүлэлттэй харьцуулахад 13.4-23.3 хувьтай тэнцжээ. Уг жагсаалтын хоёрдугаарт Оман улс бичигдсэн бөгөөд тус улсын цэргийн зардал ДНБ-ий 12.1 орчим хувьтай тэнцсэн байна. Харин Саудын Араб /9.3%/ гуравдугаарт жагсжээ.


Хэдийгээр БНАСАУ уг жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн боловч тус улс батлан хамгаалахын зардлынхаа хэмжээгээр /3.6 тэрбум ам.доллар/ дэлхийд 47 дугаарт жагссан байна. Харин БНСУ-ын батлан хамгаалахын зардал 34.8 тэрбум ам.доллар хүрснийг ДНБ-ий үзүүлэлттэй нь харьцуулахад 2.6 хувьтай тэнцсэн байна.


Ташрамд дурдахад, дэлхийн улс орнуудыг батлан хамгаалахын салбарт зориулсан зардлын хэмжээгээр нь жагсаахад АНУ /741 тэрбум ам.доллар/ нэгдүгээрт, БНХАУ /176 тэрбум ам.доллар/ хоёрдугаарт жагссан байна. 

Холбоотой мэдээ