МЗЭ 91 нас хүрлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-01-09 21:18:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын утга зохиолын анхны байгууллагын үндэс суурийг тавьж, тулгандаа анхны гал бадраасан 91 жилийн ойг тэмдэглэж байна.

Монголын утга зохиолын анхны байгууллага МЗЭ-ийг Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын 9 хүн анх байгуулжээ. Үүнээс хойш МЗЭ-д 1000 гаруй зохиолч, яруу найрагч нэгдэж, утга зохиолын төрөл бүрээр уран бүтээлээ туурвиж байгаа юм. 2019 оны хувьд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэсэн.

Энэ хүрээнд дорны их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн 90 насны ойг тэмдэглэж, төрсөн бууцан дээр нь яруу найргийн наадам хийсэн. Мөн Төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтавын 100 жилийн ойг Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн бууцан дээр нь яруу найргийн наадам хийлээ. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Урианхай хоёр дахь удаагаа Нобелийн шагналд нэр дэвшсэн нь зохиолчдын түүхэнд давтагдашгүй явдал болсон билээ. Саяхан "Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт" яруу найргийн "Болор цом-37" наадам их найрагч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутайд амжилттай болж, залуу яруу найрагч Б.Жамбалдорж "Болор цом"-ын эзэн болов. Энэ нь Монголын радиогоос 5 дахь цом, Ховд аймгаас 3 дахь цом боллоо. Шинэ оны босгон дээр МУСГЗ яруу найрагч С.Оюун Монгол Улсын Төрийн шагнал хүртэв. Энэ бол эмэгтэй зохиолчдоос гурав дахь буюу Төрийн шагналт Э.Оюун, С.Удвал нарын дараах, яруу найрагч эмэгтэйчүүдээсээ анхных болсон сайхан амжилт. Бас Монголын зохиолч, яруу найрагч бүхэн шинэ ном хэвлүүлэн уншигчиддаа бэлэг барилаа гэж МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ Д.Цэнджав цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ