"Зика" вирус тархаж болзошгүй бүсэд 2.2 тэрбум хүн амьдарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-04-21 11:04:55

ЛОНДОН. /ВВС/. “Зика” вирусийн халдвар тархаж болзошгүй бүсүүдэд нийт 2.2 тэрбум хүн амьдарч байгааг үзүүлсэн нарийвчилсан зураглалыг “eLife” сэтгүүлд нийтэлжээ.

“Aedes aegypti” гэх шумуулаар тархдаг “Зика” вирус нь дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт онц байдал зарлахад хүргэсэн билээ.

Тус вирус нь урагт төрөлхийн гажиг үүсгэдэг болохыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв өнгөрсөн долоо хоногт нотолсон.

“Зика” вирус тархаж болзошгүй газрын зураглалыг гаргах нь уг вирусийг тээгч шумуулын амьдрах боломжтой газрыг тодорхойлохоос илүү төвөгтэй байсныг хамгийн сүүлд хийсэн судалгаагаар тогтоожээ.

“Зика” вирус тархаж болзошгүй газар орны зураглалыг бид өмнө нь хумхаа өвчин болон чикунгунья вирусийн мэдээлэлд үндэслэн гаргаж байсан. Харин одоогийн энэ зураглалыг гаргахад “Зика” вирусийн талаарх мэдээллүүдийг ашиглалаа. Уг вирусийн талаарх одоо байгаа мэдээлэлд анх удаа газарзүйн болон хүрээлэн буй орчны нөхцлийн талаарх маш нарын мэдээллийг нэмж оруулж байна гэж судалгааг хийсэн эрдэмтдийн нэг, Оксфордын их сургуулийн доктор Оливер Брэди ярьж байна.

Эрдэмтэд “Зика” вирусийн халдвар хаана тархаж болзошгүйг судалж, мэдсэнээр дараагийн газарт тархахаас урьдчилан сэргийлж чадах юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар, Өмнөд Америкийн ихэнх хэсгээр уг вирусийн халдвар тархаж болзошгүй байна. Халдвар тархах эрсдэлтэй бүс нутгуудад 2.2 тэрбум хүн амьдардаг ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ