Дунд сургуулиудад гадны сурах бичгүүдийг ашиглахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-09 13:43:38

НЬЮ-ЙОРК. /CNN/. БНХАУ бага болон дунд сургуулиудад гадаадын сурах бичгүүд, сонгодог роман бүтээлийг ашиглахыг хоригложээ.


Боловсролын яамнаас нийтэлсэн баримт бичигт дурдсанаар, бага болон дунд сургуулийн сурах бичгүүд нь нам болон улс орны хүсэл зоригийг илэрхийлж байх ёстой. Түүнчлэн сургалтын материалууд нь марксизмын зарчим, Хятад амьдралын хэв маягийг тусгасан байх ёстой гэжээ. Энэхүү хориг нь ахлах сургуулийн сурагчдад хамааралгүй аж.  Үүнээс гадна улс төрийн чиглэл, үнэт зүйлийн чиг хандлагын талаарх асуудлуудыг агуулсан сурах бичгүүдэд тавих хяналтыг ихээхэн чангатгах бодолтой байна. 


Энэхүү хориг нь боловсролд үзүүлэх коммунист намын нөлөөг бэхжүүлэхэд чиглэсэн болохыг БНХАУ-ын эрх баригчид цохон тэмдэглэжээ. Хятадын гүн ухааныг сурах үйл явцыг системтэй болгох, марксистын онолуудыг судлах сургалтын материалуудыг гаргах нь Боловсролын яамны авч хэрэгжүүлэхээр зорьж буй дараагийн алхам аж.


“Гадны сурах бичгүүдийг ашиглахыг хориглож байгаа нь хятадуудын сэтгэлгээг хянах, тэднийг гадны нөлөөнөөс хамгаалахыг нам оролдож байгаагийн нэг жишээ юм. Үүнтэй холбоотой баримт бичиг гарах өдөр нь 1 дүгээр сарын 11-нд Хонконгт жагсаал цуглаан болж, Тайванд сонгууль болох өдөртэй давхцаж байгаа юм” хэмээн Хонконгийн Хятад их сургуулийн профессор Вилли Лэм “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ