“Элэг бүтэн-Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд 42 мянга гаруй иргэнийг оношилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-08 11:48:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын ёс зүй, хариуцлага, харилцааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бий болгох цогц арга хэмжээ, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах дэд хөтөлбөр, “Элэг бүтэн-Баянхонгор” аймгийн дэд хөтөлбөр зэрэг томоохон ажлыг Баянхонгор аймаг 2019 онд хэрэгжүүлжээ.

Тухайлбал, “Элэг бүтэн-Баянхонгор” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд үзлэг оношилгоонд зорилтот бүлгийн 42.200 иргэнийг хамруулж, В вирусийн 2521, С вирусийн 3822 тохиолдлыг илрүүлж С вирусийн 52.3 хувийг, В вирусийн 15.8 хувийг тус тус эмчилгээнд хамруулсан байна.

Аймгийн хэмжээний нялхсын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд 2016 оны эхний 11 сард 24.7 промилл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд 30.7 промилл байжээ. Харин 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд 13.5 промилл болж 11.2 пунктээр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг  1000 хүүхдэд 18.2 промилл болж 12.5 пунктээр тус тус буурчээ.

Баянхонгор сумын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын "Хүүхдийн сан"-гийн 330 сая төгрөгийн хөрөнгө оруулалтай “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол нөлөөлөх нь” төслийн хүрээнд 200 өрхийг гэрийн бүрэн дулаалга, цахилгаан халаагуураар, орон нутгийн төсвийн 95 сая төгрөгөөр 60 өрхийг гэрийн бүрэн дулаалга, цахилгаан халаагуураар хангах ажлыг хийсэн байна. Тус сангийн тусламжтайгаар агаарын бохирдлыг хэмжих төхөөрөмжүүдийг тодорхой цэгүүдэд суурилуулан хэмжилтийн үр дүнг тодорхой болгох, гэр хорооллын янданг цөөлөх, БОАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар 250.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий Баянхонгор сумын 4, 5 дугаар багт инженерийн шугам сүлжээ байгуулах зэрэг ажлыг эхлүүлээд байгаа аж.

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр сумдын Засаг дарга нарын захирамжаар төвлөрсөн газруудын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж, Баянхонгор сумын 4, 5 дугаар багт “Эко 00” төслийг хэрэгжүүлж ажиллажээ.

Холбоотой мэдээ