Инсбрукийн өвлийн III наадмыг зорих мастеруудаа үдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-06 13:42:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри улсын Инсбрук хотноо 2020 оны нэгдүгээр сарын 08-20-нд болох дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд болов.


Монгол Улсаас энэхүү наадам /Winter World Masters Games/-д тэшүүр, шорт трек, хоккей, цанын спорт гэсэн 4 төрлөөр 36 тамирчин өрсөлдөх юм. Спортын төв ордны 3 давхарт болсон үдэн гаргах ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, УИХ-ын гишүүн, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох, ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.


Дэлхийн мастеруудын өвлийн II наадам 2015 онд Канадын Квебек хотноо болсон бөгөөд уг наадамд Монголын 20 гаруй тамирчид оролцож 4 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 11 медаль хүртсэн билээ.


Инсбрук хотноо болох энэ удаагийн наадамд 60 гаруй орны 3 мянга орчим тамирчид оролцоно. Монголын баг тамирчдын хамгийн ахмад тамирчин нь 78 настай спортын мастер Бүжийн Жалбаа гуай билээ. Б.Жалбаа тэртээ 56 жилийн өмнө 1964 онд Австри улсын Инсбрук хотноо өвлийн олимпын IX наадамд Монгол Улсын баг тамирчид анх удаа оролцоход 22 настай тэшүүрийн төрлөөр хурдаа сорьсон төдийгүй 1968 оны өвлийн олимпод ч оролцсон түүхтэй ахмад тамирчин юм. Ийнхүү Б.Жалбаа гуай 56 жилийн дараа дахин Инсбрукт гүйлтийн тэшүүрийн 500, 1000, 1500, 3000 метр гэсэн 4 зайд хурдаа сорих гэж байна.


Ховорхон тохиох түүхэн амжилтын эзэн болсон Б.Жалбаа гуай энэ удаагийн Инсбрукийн дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын шигшээ багийн Тугчаар оролцох хүндтэй үүргийг хүлээж авсан юм. Монголын баг тамирчдаа үдэн гаргах энэхүү ёслолын үеэр Б.Жалбаад Монгол Улсын төрийн далбааг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүссэн юм.


Монголын баг тамирчдын хувьд хоккейн төрлөөр анх удаа оролцох гэж байгаа бөгөөд хоккейчид энэ сарын 11, 12-нд эх орноосоо мордоно. Харин тэшүүрийн спортоор шорт трек, гүйлтийн тэшүүр гэсэн 2 төрлөөр 17 тамирчин өрсөлдөх бөгөөд тэд энэ сарын 8-нд Австри улсыг зорино.


Цанын тамирчдын хувьд энэ цаг үед давхцан тохиосон “Лозанн 2020” залуучуудын өвлийн олимпын наадамд оролцохоор Итали улсад бэлтгэлээ базааж буй Монголын залуу тамирчдын хамт яваа бөгөөд тэндээсээ шууд Инсбрукт очих юм байна. 



Холбоотой мэдээ