АСЕМ-ын Аюулгүй байдлыг хангахад зориулж гал унтраагуур хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-20 16:47:16

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах заал танхимууд болон зочид төлөөлөгч байрлах газруудын галын аюулгүй байдлыг хангахад зориулж Япон Улсын “Хацүта” компаниас 160 ширхэг “Calmie” гал унтраагуурыг буцалтгүй тусламж болгон хандивлав.

Маргааш эхлэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд эдгээр гал унтраагуураас 60 ширхэгийг Төрийн ордны “Их танхим” болон бусад хурлын заал орчимд байрлуулахаар Монголын Галын инженер техникчдийн холбооны тэргүүн Д.Бямбацогт Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Б.Цэвээнпүрэвт хүлээлгэн өгөв.

Үлдсэн гал унтраагуурыг дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ Вилла” болон “Шангри Ла” зочид буудалд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохих цэгүүдэд байршуулах юм байна.

Энэхүү “Calmie” гал унтраагуур нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн, гаднаасаа нэвт харагддаг савлагаатай, 10 жилийн баталгаат хугацаатай бөгөөд манай улсад хэрэглэгдэж байгаа галын хоруудтай харьцуулахад ашиглах хугацаа болон гал унтраах хүчин чадлын хувьд дэвшилттэй аж.

Н.Туяа

Холбоотой мэдээ