Ливийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Туркт уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-03 12:10:42

АФИН. /TASS/. Ливид цэргээ байрлуулах Туркийн эрх баригчдын шийдвэр нь бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын 1970 дугаар тогтоолыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм гэж Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Израилын Засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху, Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Гурван улсын удирдагчид хий дамжуулах “EastMed” хоолойн тухай гэрээнд гарын үсэг зурахаар Афин хотод уулзсаныхаа дараа хамтарсан мэдэгдэл хийжээ. “Энэхүү шийдвэр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2011 онд баталсан Ливид зэвсэг нийлүүлэхийг хориглох тухай 1970 дугаар тогтоолыг бүдүүлгээр зөрчиж байгаа бөгөөд Ливийн мөргөлдөөнийг тайван замаар, улс төрийн аргаар зохицуулах гарцыг хайж буй олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нурааж байна” гэж уг баримт бичигт дурдсан байна.


Гурван улсын удирдагчдын үзэж байгаагаар, эл шийдвэр нь “Ливийн мөргөлдөөнийг улам даамжруулж, байдлыг улам дордуулах аюултай”. “Турк улс Ливийн улс төрийн хэлэлцээр болон НҮБ-ын холбогдох тогтоолуудыг зөрчих ёсгүй. Ийм болгоомжгүй алхамын үр дагавар нь бүс нутгийн тогтвортой байдалд маш ноцтой нөлөөлнө. Туркийн эрх баригчид Ливийн үндэсний тусгаар тогтнолыг бүдүүлгээр зөрчсөн ийм үйлдлээсээ татгалзах хэрэгтэй” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Туркийн цэргүүдийг Ливид илгээх боломжийн талаар тусгасан хуулийн төслийг тус улсын парламент пүрэв гарагт дэмжжээ. “Sozcu” сонинд өмнө нь мэдээлснээр, уг хуулийн төслийн хүрээнд Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын цэргүүдийг сургах зорилгоор эхний ээлжинд цэргийн мэргэжилтнүүдийг илгээж магадгүй байна. Түүнчлэн Туркт үйлдвэрлэсэн зэвсгийг Ливид нийлүүлэх асуудлыг Анкара хэлэлцэж байж магадгүй гэж тус сонинд мэдээлжээ.


Ливийн нийслэл Триполи хот дахь Үндэсний зөвшилцлийн Засгийн газар тусламж хүссэн тохиолдолд тус улсад цэргээ илгээхэд бэлэн байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нэг бус удаа мэдэгдсэн юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд Анкара, Триполигийн хооронд цэргийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.


Одоогийн байдлаар Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа бөгөөд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Триполи хот руу шийдвэрлэх давшилтаа эхлүүллээ гэж Хафтар 12 дугаар сарын 12-нд мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ