Л.Үржиндорж Шатрын нэвтэрхий толь гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-19 17:20:10

Спортын сэтгүүлч Л.Үржиндоржийн гаргасан Шатрын нэвтэрхий толь нь шатрын бүхий л сэдвийг хамруулсан гэдгээрээ Монголдоо анхдагч нь боллоо.

Энэхүү нэвтэрхий толь номонд шатрын тухай ерөнхий ойлголтоос эхлээд шатрын гараа, дунд үе, төгсгөлийн онол, практик, шатрын стратеги, тактикийг багтаасан байна. Спорт, шинжлэх ухаан, урлагийн элементүүдийг нэгтгэсэн шатрын түүх, тоглолтын онол болон практикийн талаар хэвлэгдсэн үлэмж олон тооны ном, сэтгүүлийн дотор нэвтэрхий толь онцгой байр, суурь эзэлдэг.

Шатар анх үүссэн үеэс эхлэн түүхийн урт хугацаанд тодрон гарсан дэлхийн аваргууд, домог болсон нэр цуут 100 шахам шатарчдын товч намтар, шатрын өргийн эхэн, дунд, төгсгөл үе дэх тэдний тоглодог арга техник, тоглолтын ур чадвар, гоёмсог комбинацтай танилцах боломжийг шатарчид, шатар сонирхогчдод таниулахыг зохиогч хичээн ажиллажээ.

Нэвтэрхий тольд дэлхийн шатрын олимпиадууд, дэлхийн аваргын титмийн төлөөх бүх шатны тэмцээнүүд, олон улсын уламжлалт том тэмцээн, дэлхийн цом болон шилдэг шатарчдын Гран при тэмцээний дүн, тэдгээрийн танилцуулга, шилдэг өргүүдийг багтаасан нь шатарчид, шатар сонирхогчдын танин мэдэхүйн хүрээг тэлэх чухал ач холбогдолтой болжээ. Мөн амьд шатар, шатрын эчнээ тэмцээн, түргэтгэсэн болон блиц тоглолттой холбогдох материалууд, шатрын гоц авъяастан, Гиннесийн дээд амжилтууд, шатарчны зөн билэг, сэтгэл зүй, зэрэг тоглолт, цээжээр зэрэг тоглох, шатар - шинжлэх ухаан, гэр бүл-шатар, сургууль-шатар, компьютер-шатар, интернет- шатар, шатар-шатарчны нас зэрэг сэдэвчилсэн материалыг багтаажээ.

Олон улсын шатрын холбоо ба Монголын шатрын холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шатрын тэмцээн зохион байгуулдаг тогтолцоо, одоо мөрдөгдөж буй Шатрын тэмцээний дүрэмтэй мөн танилцаж болох юм. Тус нэвтэрхий тольд Монголын шатрын хөгжлийн түүхэн замнал, дэлхийд нэрээ дуурсган манай улсаас төрсөн анхны олон улсын мастер, ОУИМ-уудын товч намтар, тоглосон өргүүдийн дээжис, монголын шатрын бодлого зохиомж, бодлого бодолтын спортын хөгжлийн талаар материал оруулжээ.

ОУШХ-ны ерөнхийлөгч К.Илюмжиновын дэвшүүлсэн “Манай гариг дээр нэг тэрбум хүнийг шатар тоглодог болгоно” гэсэн зорилгыг биелүүлэхэд Монгол улс хувь нэмэр оруулж, “Айл, өрх бүр нэг шатарчин төрүүлье !” гэсэн уриалга гаргасныг хэрэгжүүлэхэд тус нэмэр болох үүднээс спортын сэтгүүлч, шатрын спортын дэд мастер Л.Үржиндорж энэхүү нэвтэрхий толийг бүтээжээ. “Соёмбо пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, энэхүү толь нь А-4 хэмжээний 370 шахам хуудас багтаамжтай, 150 шахам фото зургаар мэдээлэл нь баяжигджээ.

Холбоотой мэдээ