"Нэг бүс, нэг зам"-ыг санаачлагч Ван Ивэйгийн номыг монгол хэлээр орчууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-20 09:14:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга олон улсын өдөр тутмын мэдээнд дурдагдаж дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Энэ стратегийг санаачлагч гэж алдаршсан, Хятадын Ардын их сургуулийн профессор, ХКН-ын Төв хорооны дэргэдэх Орчин үеийн дэлхийн судалгааны төвийн тусгай судлаач  Ван Ивэйгийн “Нэг бүс, нэг зам: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага” номыг орчуулсан хятад судлаач, доктор Д.Ундрах, Б.Индра, Т.Чулуун-Эрдэнэ нар Үндэсний төв номын санд өчигдөр номоо танилцууллаа.


Орчуулагч нар "Монголын хятад судлалын хөгжлийн хүрээлэн" ТББ байгуулж анхны ажлаараа энэ судлаачийн номыг орчуулахаар болжээ. Дэлхийн 10 гаруй оронд орчуулагдаад байгаа энэ номыг орчуулан хэвлэх зөвшөөрлийг Хятадын Ардын хэвлэлийн хорооноос авсан байна.

Номын  редактороор ажилласан Б.Индра "Ван Ивэйгийн ээлжит санал нь  Хятад талаас “Евразид зам гүүр, худалдаа наймаа, интернэт сүлжээ гээд бүх чиглэлээр хэлхээ холбоо үүсгэе гэсэн бол Америк ба өрнөдийнхөн “Өрийн хавханд оруулах урхи занга байна, Шри Ланкийг хар л даа” гээд бөөн хэл ам таталж эхэлсэн. Чухам аль нь юм бол, боломж уу, эрсдэл үү, эсвэл аль аль нь юм уу гэдэгт  Ван Ивэй энэ номоороо жинтэй хариу барьсан нь бидний сонирхлыг татсан учраас өөрсдийн хүсэл сонирхлоор, өөрсдийн хөрөнгө мөнгөөр хэвлэн гаргалаа" гэв.

Тэд номынхоо дээжийг ҮТНС болон өөрсдийн багш, хятад судлаач,  МУСГЗ С.Чимидцэрэн, МШУГА, зурхайч ,төвдөч, доктор Ч.Тэрбиш, мэргэжил нэгт судлаачид, найз, нөхөддөө барилаа. МУСГЗ С.Чимидцэрэн "Монголчууд бид "Нэг бүс, нэг зам" гэж их ярьдаг болсон. Гэхдээ яг нарийн учрыг нь ойлгоогүй л байгаа. Тиймээс энэ номыг орчуулан олон нийтэд хэвлэн гаргасан нь нэн сайн хэрэг. Орчуулгыг сайн хийсэн учир захын иргэнд ч ойлгогдоно. Энэ ном хятад гүрний олон улсад дэвшүүлэн тавьсан "Нэг бүс, нэг зам"  хөгжлийн шинэ стратегийг ойлгоход маш их тустай" гэв. 

Орчуулагч Д.Ундрах “Нэг бүс, нэг зам” манай улсад хэр хамаатай вэ, Монголын “Хөгжлийн зам”-ыг “Нэг бүс, нэг зам"-тай уялдуулж, эхний ээлжинд зам дэд бүтэц барина, улмаар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулагдах гэж байна. Ийм тохиолдолд бид “Нэг бүс, нэг зам”-ын талаар бүх талын байр суурийг тэнцвэртэй авч, мэдээ, мэдээлэл, судалгаатай байх ёстой. Тэгж гэмээ нь эрсдэл байвал боломж болгон хувиргах, боломж байвал улам сайн ашиглах учиртай билээ. Ийм учраас бид 2017 оноос эхлэн “Нэг бүс, нэг зам” судлаач гэж алдаршсан Ван Ивэйгийн ээлжит нэгэн бүтээлийг орчууллаа. Энэ ажилд тусалсан бүх хүмүүст баярлалаа" гэж талархал дэвшүүлсэн юм. 


Холбоотой мэдээ