Монгол эрдэмтэд Антарктид судлалд хувь нэмрээ оруулсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
boloroo8136@gmail.com
2019-12-25 14:07:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Антарктид судлал олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж, тэр дундаа өмнөд туйлын ашигт малтмал, чулуулгийн эрдэсжилттэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад ихээхэн анхаарах болоод байна.

Хүн төрөлхтөн Антарктид тивийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажлыг одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1959 оноос эхэлсэн.

Монгол Улс даяаршлын эрин үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцож, манай улсад үр ашиг шинээр бий болгох, хүн төрөлхтний нийтлэг хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх зорилгоор 2015 оны 3 дугаар сард “Антарктидын тухай гэрээ”-нд нэгдэн орсон 53 дахь орон болсон юм.


Манай улс анх удаа 1972-1974 онд Антарктид тивийг судлах олон улсын судалгааны багт судлаач Ж.Цэрэндэлэгийг оролцуулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлага, цаг агаарын прогноз гаргах, далайн усны болон эрдэс баялгийн судалгаа хийхэд хувь нэмрээ оруулж байна.

Түүнчлэн 2013 онд байгуулсан ШУТИС-ийн “Антарктид судлал”-ын төвд Антарктид судлалыг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, судлалыг олон улсын хамтын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Антарктидын ажиллагааг өргөжүүлэх, ажлын үр өгөөжийг дээшлүүлэн, орчин үеийн олон улсын жишиг шаардлагад нийцүүлэх зорилгоор судлаачид ажиллаж байна.


Одоогоор Антарктид тивд 50 гаруй орны 300 орчим экспедиц  ажиллаад байгаа бөгөөд манай улсаас хуучин ЗХУ-ын судалгааны багийн бүрэлдэхүүнд Ж.Цэрэндэлэг 1972 онд, Д.Чулуунбат 1982 онд тус тус ажиллажээ. Мөн Монгол-Болгарын Засгийн газрын худалдаа, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд цаг уурч А.Батболд 2007 онд, геологич Л.Дүгэржав 2008, 2010, 2011, 2012, 2018 онд Болгарын Антарктидын экспедицийн бүрэлдэхүүнд орж, Антарктидын Ливингстоны арлын геологийн зураглал, цэвдэг судлал, цаг агаарын өөрчлөлт зэрэг судалгааны ажилд оролцсон юм. 2013 онд далайчин, судлаач Д.Ганбаатар, 2014 онд судлаач, цаг уурч Х.Пүрэвдагва, 2015 онд судлаач, усны доктор Д.Батмөнх, 2016 онд судлаач, доктор Д.Түвшинбаяр, Х.Баяраа, 2017 онд судлаач, докторант Д.Чинзориг нар Болгарын экспедицийн бүрэлдэхүүнд тус тус ажилласан байна.

Судалгааны ажлын үр дүнд баруун Антарктидын Ливингстоны арлын “Saly Rock” гэдэг газар Монгол Улсын Антарктид судлалын бааз байгуулах бололцоотой болжээ. Байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд өсөж бойжсон монголчууд Антарктидад судалгаа хийх, ажиллах амьдрахад бие бялдрын хувьд харьцангуй зохицсон хүмүүс юм.


Профессор Л.Дүгэржав өмнөд туйлд хүрсэн Монголын анхны эрдэмтэн гэж дэлхийн түүхэнд бичигдсэн. Антарктид судлалын төвийн захирал, профессор, туйл судлагч тэрбээр долоо дахь удаагаа Антарктид тивийг зорихоор 2019 оны 11 дүгээр сарын 19-нд эх орноосоо хөдөлсөн юм. Баруун Антарктидын нэгэн нэргүй оргилыг “Дүгэржавын оргил” хэмээн олон улсын гэрээний орнуудын удирдах байгууллага /CONNAP/-ын шийдвэрээр 2012 онд нэрлэжээ.

Мөн тэрбээр “Монгол орны цэвдгийн хилийн ба глобал цаг уурын өөрчлөлт” сэдэвт төслийн удирдагчаар ажилладаг бөгөөд Антарктид тивийн Ливингстоны арал дээр “Монгол Улсын Антарктид судлал” Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны бааз байгуулах ажлыг удирдан зохион байгуулж байгаа юм. Энэ удаа Болгарын Антарктидын 28 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.


 Тэрбээр, “Антарктид тив манай дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг. Манай дэлхий 150 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, түүний 15 сая хавтгай дөрвөлжин нутагт дунджаар 2400 м мөсөөр хучигдсан Антарктид тивд монголчууд “Манай дэлхийн глобал цаг уурын өөрчлөлт” судалгааны ажилд оролцдог. Мөн нэг онцлог нь хойд цэвдгийн хилийн урд тал Монголын нутгаар өнгөрдөг. Энэ хил жил бүр хойшилж байна. Өөрөөр хэлбэл, Монгол оронд дулаарал, цөлжилт явагдаж байна гэсэн үг. Энэ бол Монгол орны цөлжилт биш, дэлхийн дулаарлын нэг индикатор Монгол Улсад явагдаж байна гэсэн үг юм. Тиймээс бид дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлж, өөрийн мэдээллийг тэдэнд өгч, дэлхийн улс орнуудтай судалгааны мэдээллээ солилцох боломж олдож байна” хэмээн онцолсон юм.


Энэ удаагийн аяллаар Антарктидад зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах боломжтой үндэсний баазаа албан ёсоор байгуулах, Олон улсын эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллах, мэдээлэл солилцож хөрөнгө оруулалтаа бүрэн шийдвэрлэх зорилготой юм. Мөн түүнчлэн өөр орны судлаачидтай мэдээлэл солилцож байгаа нь дэлхийн шинжлэх ухааны судалгааны ажилд хувь нэмрээ оруулж байгаа хэлбэр юм.

Антарктид тивийг судлах нь хүн төрөлхтөний ирээдүйн хэрэгцээний усны болон байгалийн баялгийн нөөцийг, дэлхийн цаг агаарын өөрчлөлт, дэлхийн өнгөрсөн түүхийн талаарх мэдээлэл авах, танин мэдэх ач холбогдолтой юм.


 

 


Холбоотой мэдээ