В.Сайнбаяр: Сурсан, мэдсэн зүйлээ орон нутагтаа хуваалцахыг нэн тэргүүнд зорьсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-18 15:01:48

Ховд /МОНЦАМЭ/. Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас оюутан, багш судлаачдад зориулсан боловсрол, соёлын солилцооны урт, богино хугацаат хөтөлбөр зарлаж, АНУ-д суралцах боломжоор хангадаг билээ.
Эдгээрээс багш, судлаачдад зориулсан SUSI (Study of the U.S. Institutes) for Scholars хөтөлбөрийг одоо зарласан байна.

Хөтөлбөрийн талаар тодорхой ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор 2019 оны зун тус хөтөлбөрт Ховд аймгаас шалгарч оролцсон ХИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн захирал В.Сайнбаяртай ярилцлаа. 
Тэрбээр ОХУ-ын Москва хотноо хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг, Япон улсын Осака их сургуульд хүн судлалын  магистрын зэрэг тус тус хамгаалсан байна.

-Та SUSI хөтөлбөрт ямар чиглэлээр хамрагдсан бэ?

-Миний тухайд “Америкийн орчин цагийн уран зохиол” чиглэлээр АНУ-ын Сиэтл их сургуульд 6 долоо хоногийн хугацаатай, бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөрт бусад 16 орноос ирсэн багш, судлаачдын хамт хамрагдаж оролцоод ирсэн.

-Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал?

-Энэ хөтөлбөр нь академик болон судалгааны аялал гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байсан. Бид эхний дөрвөн долоо хоногийг Сиэтл их сургууль дээр 1-д АНУ-ын боловсролын философи, сургалтын арга барилыг судлах, 2-т өөрийн судалгааны ажлыг тус сургуулийн баазад тулгуурлан сайжруулахад төвлөрч өнгөрөөсөн. Эдгээр агуулга, мэдлэгийг олон сонирхолтой зочин, эрдэмтэд лекц, семинар, хэлэлцүүлэг өрнүүлэх болон талбарын айлчлал зохион байгуулснаар олгож байсан.

-Энэхүү хөтөлбөрийн үр дүнд ямар дурсамж танд үлдэв. Уншигчдад сонирхуулна уу?

-Академик сургалтын хөтөлбөрийг баяжуулах, бататгах зорилгоор судалгааны болон соёлын аяллыг зохион байгуулж байв. Аяллын хүрээнд Сан Франциско, Бэркели, Лос Анжелес, Вашингтон ДиСи зэрэг хотод байрлах их сургууль, музей, галерей, урлагийн томоохон төв болон түүхэн дурсгалын газраар зочилсон.

Тухайлбал, Вашингтон хотын төвд Потомак голын эрэг дагуу байрлах АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольнд зориулж босгосон, эрх чөлөөг бэлгэдсэн “Линкольны Мемориал”, хүн төрөлхтний 470 хэлээр хэвлэсэн 33 сая 12 мянга 750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалдаг дэлхийн хамгийн том номын сан болох АНУ-ын “Конгрессийн номын сан”, “Урлагийн үндэсний галерей“, орчин үеийн барилгын өвөрмөц шийдэл бүхий 36 мянган үзмэр байршуулсан “Африк-Америкийн түүхийн музей” зэрэг газар надад мартагдашгүй дурсамж үлдээж чадсан. 

-Таны хувьд SUSI хөтөлбөрийн оролцогчдын нэг болсноор тэндээс  олж авсан хамгийн чухал зүйл юу байв?

-Энэ хөтөлбөрт хамрагдаж, өөрийн нүдээр Америк орны нийгмийг өөрийнхөөрөө таньж, цаашлаад тус улсын  орчин цагийн уран зохиол, олон ургальч үзэл, шашин, соёл, өндөр хөгжилд нэвтэрч суралцсан нь маш чухал ололт байлаа. Мөн дэлхийн удирдагчдыг бэлтгэдэг томоохон их сургуулийн эрдэмтэн, судлаачдаас шинэ мэдлэг, туршлага хуримтлуулж, ертөнцийг үзэх үзэл, түүх, хэл, соёлын мэдлэгээ дээшлүүлж, 17 орны мэргэжил нэгт анд нөхдийн холбоог бий болгосон нь үнэ цэнтэй юм. Энэхүү боломжийг олгосон АНУ-ын Элчин сайдын яам, Төрийн департаментад талархлаа илэрхийлье.

-Бусад хамтран суралцагчдынхаа тухай бидэнд танилцуулбал?  

-Нийт 17 оролцогч Мексик, Бразил, Того, Камерун, Алжир, Тунис, Ливан, Турк, Португал, Франц, Беларус, Финланд, Узбекистан, Тажикистан, Энэтхэг, Непал, Хятад, Монгол зэрэг  орноос ирсэн байв. Тэдний дунд Бразилын уран зохиолын орчуулагч, Мексикийн их сургуулийн утга зохиол шүүмжлэгч, Америкийн зохиолч Тони Моррисоныг 32 жил тасралтгүй судалсан Францаас ирсэн судлаач зэрэг хүмүүс байсан. Тэдэнтэй хамт суралцах нь нэр төрийн хэрэг байлаа.

Мөн тус хөтөлбөрийг хариуцсан багш Сиэтл их сургуулийн профессор Чарльз Танг онцлон дурдмаар байна. Хөтөлбөрийн бүхий л үйл явцыг маш сайн зохион байгуулж, бидэнд үлгэрлэж чадсан. Оролцогчид хоорондоо нөхөрлөх, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг нээж өгсөн юм.

-Дэлхийн олон орны эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажилласан таны хувьд ажил  амьдралдаа шинээр хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн зүйл юу байна вэ?

-Миний хувьд сурсан, мэдсэн зүйлээ орон нутагтаа хуваалцахыг нэн тэргүүнд зорьсон. Одоогоор “Америкт суралцах боломжууд: SUSI хөтөлбөрийн тухай” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Ховд аймагт байрлах Америкийн соел, мэдээллийн төвтэй хамтран олон нийтийн дунд зохион байгууллаа. Тус хөтөлбөртэй холбоотой мэдээлэл авахыг хүссэн хүн бүхэнд мэдээллийг цахим хэлбэр болон биечлэн хуваалцаж байгаа. Мөн өөрийн хувь нэмрийг нийгэмд оруулах, боловсролын салбарт тодорхой өөрчлөлт, шинэчлэл бий болгохоор ажиллаж байна.

Энэ хүрээнд одоогийн байдлаар Ховд их сургуулийн түвшинд Америкийн уран зохиол хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, заах аргын асуудалд анхаарч ажиллаж байна. Түүх соёлын асуудлыг уран зохиолтой хамтатган судлах нь суралцагчдад сонирхолтой, практик ач холбогдолтой болохыг хөтөлбөрт хамрагдаж байхдаа олж мэдсэн юм. Түүнчлэн Ховд аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төвтэй хамтран англи хэлний уншлагын клубийг сонирхогчдын дунд ажиллуулна гэж төлөвлөж байна. Энэ клубийн үйл ажиллагаа нь Америкийн уран зохиолоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд нас харгалзахгүй, нээлттэй байх болно.

-АНУ-ын солилцооны хөтөлбөрт хамрагдаж ирснээр өөр ямар боломж гарч ирж байна вэ?

-АНУ-ын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдсанаар Америкт төгсөгчдийн холбоо MASA–д гишүүнээр элсэж, зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож харилцаа, холбоогоо өргөжүүлэх, шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход бодит дэмжлэг авах зэрэг олон боломж бий болж байгаа. Түүнчлэн Америкт төгсөгчдийн олон улсын сүлжээнд нэгдэж, дээрх боломжийг илүү өргөн түвшинд ашиглах нөхцөл бүрдсэн.  

-Та хөтөлбөрийн талаар сонирхож буй хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Жил бүр судлаач, багш, эрдэмтэд энэхүү тэтгэлэгт хамрагдахаар дэлхийн өнцөг булан бүрээс материалаа илгээдэг, ихээхэн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй хөтөлбөр гэдгийг өргөдөл өгөхөөсөө өмнө сонсож байсан. Миний тухайд алслагдсан хөдөө орон нутгаас хүсэлт гаргаж байгаа тул хүлээн зөвшөөрүүлнэ гэдэгт эргэлзээтэй л байсан. Гэвч дэлхийн шалгарсан хүмүүстэй хамтдаа суралцах юм сан гэх хүсэл, зорилгодоо хөтлөгдөөд, шаардлагатай материалыг бэлэн болгосон. 250 үгэнд багтааж тэтгэлэг хүссэн өргөдөл буюу эсээ бичих замаар өөрийгөө таниулах, зорилгоо ойлгуулах зэрэг нь амаргүй  байсан болохоор ихээхэн болгоомжтой, хичээнгүй хандсан.

Ингээд л шат шатны шалгаруулалтын дүн ирсээр, 2019 оны 4 дүгээр сард SUSI хөтөлбөрийн Монгол Улсаас оролцох урилгыг хүлээн авсан. Иймд та л өөрөө өөртөө боломжийг бий болгоно, оролдоод, хичээгээд үзээрэй гэж хэлмээр байна.

 -Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.                           

Холбоотой мэдээ