Ким Жөн Ун АНУ-тай хийж буй хэлэлцээг таслах тухай мэдэгдэж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун шинэ жилийн уламжлалт мэндчилгээ дэвшүүлэхдээ пуужин-цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар АНУ-тай хийж буй яриа хэлэлцээг тасалж буйг мэдэгдэж магадгүй байна.
Энэ жилийн эцэс гэхэд энэ чиглэлээр ямар нэгэн ахиц гарахгүй бол Ким Жөн Ун яриа хэлэлцээг зогсоох эсвэл түр зогсоох тухай мэдэгдэж магадгүй гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч мэдээлжээ.
Талуудын хийж буй хэлэлцээнд харилцан хүлээн зөвшөөрсөн буулт хийх баримт бичгийг боловсруулахад Вашингтонд өгсөн хугацаа энэ сарын сүүлчээр дуусаж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нар зургадугаар сарын 30-нд Панмүнжомд уулзахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг ажлын түвшинд сэргээхээр тохиролцсон юм. Уг хэлэлцээг энэ оны хоёрдугаар сард Ханойд хийсэн хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсны дараа түр зогсоосон билээ.