Л.Эрхэмбаяр: АН 2016 оны сонгуульд аль ч нам, эвсэлтэй эвсэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭАрдчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
АН-ын ҮЗХ-ны ээлжит хуралдаанаар өчигдөр хоёр асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэр гаргаж, сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталжээ. АН энэ удаагийн сонгуульд “Монгол хүн 2020” хөтөлбөрөө баяжуулж, үргэлжлүүлэн дэвшүүлэх болсон байна.
Харин тус нам УИХ-ын сонгуульд аль нэг нам, улс төрийн хүчинтэй хамтарсан эвсэл байгуулахгүй, дангаар оролцоно гэж шийдвэрлэжээ.
Мэдээллийн дараа ЕНБД Л.Эрхэмбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Танай нам ИЗНН, МҮАН-тай хамтран ажиллана гэсэн яриа гадуур тархсан. Энэ тухайд?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 29-ний дотор СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Энэ хүртэлх хугацаанд нэгдэх асуудалд зарим боломжууд нээлттэй байгаа. Бид аливаа улс төрийн намтай эвсэж орохгүй нь тодорхой болсон. Харин манай намд өөр нам нийлэх нэгдэх асуудалд тодорхой хугацаа бий.
-Үндэсний зөвлөлдөх хорооны ирц хэдэн хувьтай байсан бэ. Х.Баттулга гишүүн хуралдаа суусан уу. Намаас гарах гишүүд бий юу?
-Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц 63 хувьтай байсан. Х.Баттулга гишүүний хувьд хуралдаанд оролцоогүй. Ирц илүү нэмэгдэх боломжтой байсан. Гэхдээ орон нутаг, нийслэлийн намын хороо өчигдөр бас хурлаа хийсэнтэй холбоотой.
-Тусгаар тогтнолын нам байгуулагдсан. Үүний цаана Х.Баттулга гишүүн байгаа гэх яриа явж байна. Хэрэв танай намын гишүүн нам байгуулаад гарвал яах вэ?
-Манай нэг гишүүн нам байгуулаад гарахад би хувьдаа ерөөсөө гайхахгүй. Хүмүүс гарч л байдаг, орж л байдаг. Том нам явдагаараа явна. Нэг хоёр хүнээс болж ажил гацахгүй.
-Сонгуулийн хуулийг өөрчилж жагсаалтын 28-ыг хасах асуудал дээр АН, МАН хоёр тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах талаар ҮЗХ-ны хурлаар яригдах уу?
-Энэ асуудал бараг л яригдахгүй болов уу. Одоогоор АН дээр Сонгуулийн хуулийг өөрчлөх талаар нэгдмэл байр суурь байхгүй.
-АН-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлд хамруулах хуулийн төсөл боловсруулаад дэмжүүлсэн гэж яригдаад байна. Энэ талаар тайлбар хийгээч?
-Энэ бол ташаа мэдээлэл байна. Ийм зүйл огт яригдаагүй.
-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ дахин үргэлжлэх вэ?
-Өчигдөр ҮЗХ-ны хурлыг хаагаагүй. Өнөөдөр ч хуралдаж магадгүй. Бидэнд шийдвэрлэж дуусаагүй хэд хэдэн асуудал бий. Нэр дэвшигчдийг тодруулах, жагсаалтаа эрэмбэлэх, ЕНБД-аа батламжлах зэрэг олон асуудал хүлээгдэж байна. Тиймээс ойрын хугацаанд ҮЗХ-ны хурал дахин хуралдана.
-Мөрийн хөтөлбөрт ямар зүйл тусгасан бол? Өнгөрсөн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ дүгнэсэн үү?
-Маргааш 18.00 цагаас өмнө Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хүртэл дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Ер нь эдийн засгийн суурийг тэлэх, өргөжүүлэхэд анхаарсан. Өнгөрсөн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 90 гаруй хувьтай байна гэж дүгнэсэн. Зарим заалт нь 100 хувь биелсэн нь ч олон байгаа.
-МАН, МАХН-ын эвслийн тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Бусад улс төрийн хүчнүүд эвсэх асуудалд бид байр суурь илэрхийлэхгүй. Миний хувьд МАН, МАХН хоёр битгий эвсээсэй, харин нийлээсэй гэж бодож байгаа. Энэ хоёр нам нийлвэл Монгол Улсад хэрэгтэй. Монголд байгаа улс төрийн хүчнүүд хэдий чинээ төлөвшинө, тэр хэмжээгээр Монгол Улсад хэрэгтэй юм. Бид эвсэж үзсэн. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл байгуулаад Засгийн газар 4 удаа огцорч байсан. Үүнд эвсэл маш их нөлөөлсөн. 2004 онд “Эх орон-ардчилал” эвсэл байгуулаад Засгийн газар унасан. Дараагаар нь М.Энхболд Үндэсний их эвсэл гэж байгуулсан. Тэр нь бас унасан байдаг юм. Эвслүүд унадаг. Энэ нь эргээд улс орны тусгаар тогтнол, хөгжилд ноцтой үр дагавар үүсгэдэг. Эвсэхийн зовлонг бид хангалттай амссан. Тиймээс АН-тай эвсэх улс төрийн хүчнүүд байна. Тиймээс бид эвсэхгүй гэсэн байр суурьтай байгаа.
Н.Гантуяа