Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр үлдээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан өнөөдөр болж,
авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг
хүчингүй болголоо.
Ингэснээр авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосон
хэмжээгээр
хэвээр дагаж мөрдөх юм.
Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг
нэмэгдүүлснээр жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан бол
ирэх онд 74 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байв.
Тухайлбал, нийт 50 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 100 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км, есөн дүүрэгт тэмдэг тэмдэглэгээний 80 хувийг хийхээр төлөвлөж байсан бол энэхүү тогтоолыг хүчингүй болгосноор дээр дурьдсан ажлуудын 60 орчим хувийг хийж гүйцэтгэх боломжгүй болж байгаа юм.
Хуралдааны үеэр Хотын захирагч С.Амарсайхан, “Авто зам
ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт
оруулж тооцсон. Гэхдээ дээд шатны удирдлага буюу Ерөнхий сайдаас өгсөн үүрэг
чиглэлийн дагуу энэ талаар эргэн харж байна.
Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг хасч, 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа зэргээс бүрдүүлэхээр төлөвлөсөн. Мөн урсгал зардлаа дахин нягталж шаардлагатай тохиолдолд танаж ажиллах болно” гэв. Ингэснээр иргэд авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосноор буюу хуучин хэвээр төлөх юм.