Эмх замбараагүй байдлыг эцэс болгохыг Хонконгийн эрх баригчдад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-16 14:45:25

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эрх баригчид хагас жилийн турш үргэлжилж буй хүчирхийлэл, үймээн самууныг эцэс болгож, хүн амын нийгмийн асуудлуудыг шийдэх ёстой гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Көцян мэдэгджээ. Тэрбээр Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламтай даваа гарагт Бээжин хотод уулзахдаа ийм мэдэгдэл хийсэн байна.


“Хонконг одоо болтол бэрхшээлийг даван туулж чадаагүй байна. Хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг хуулийн дагуу таслан зогсооход гаргаж буй хүчин чармайлтаа Засгийн газар үргэлжлүүлж, дэг журмыг сэргээх ёстой” гэж тэрбээр цохон хэлжээ.


Ли Көцян мөн Хонконгийн нийгэм дэх “асуудал, мөргөлдөөний учир шалтгааныг” нарийвчлан судалж, хотын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэжээ. “Хонконгийн эдийн засагт илэрхий хямрал үүсэж, олон салбарт хүнд хохирол учирлаа. Энэ хот урьд өмнө байгаагүй ноцтой, хүнд нөхцөл байдалтай тулгарсан гэж хэлж болно” гэж Хятадын Засгийн газрын тэргүүн нэмж хэлсэн байна.


Кэрри Лам Хонконгийн байдлын талаар БНХАУ-ын төв Засгийн газарт тайлагнахаар Бээжинд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд тэрбээр мөн тус улсын дарга Си Жиньпинтэй уулзана гэж “South China Morning Post” сонинд мэдээлжээ.


Холбоотой мэдээ