Аюулт үзэгдэл, ослоос 1658 хүнийг аварчээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-12-13 12:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулт  үзэгдэл, ослын тохиолдол 2019 оны эхний 11 сард 4681 болж, өмнөх оны мөн үеэс 344-өөр нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Объектын түймэр 3908 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 453-аар нэмэгджээ. Мал, амьтны халдварт галзуу өвчин 59 удаа, гахайн мялзан өвчин 25 удаа, шүлхий өвчин 5 удаа, боом өвчин 3 удаа, дуут халдварт өвчин 2 удаа, хорт салст хатуурал өвчин 2 удаа, тарваган тахал болон цусан халдварт өвчин 1 удаа тус тус бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2019 оны эхний 11 сард 48.7 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2019 оны эхний 11 сард нийт 202 хүн амь насаа алдсаныг шалтгаанаар нь авч үзэхэд усны ослын улмаас 82 хүн, обьектын түймрийн улмаас 54 хүн, үер болон хүчтэй салхи шуурганы улмаас 15 хүн, бичил уурхай, нурангийн улмаас 14 хүн, тарваган тахлын улмаас 2 хүн, аянга болон тэсрэх бодисын ослын улмаас тус тус 1 хүн, хүний үйл ажиллагаатай холбоотой бусад ослын улмаас 33 хүн амь насаа алджээ.

Аюулт үзэгдэл, ослоос 2019 оны эхний 11 сард 1658 хүнийг аварч, 59.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.

 

 

Холбоотой мэдээ