Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-12 11:19:44
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг баталлаа. 


Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгажээ. Ингэхдээ, ажиллах онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалтыг тусгасан байна. Мөн өргөн нэвтрүүлгийн болон суваг дамжуулагчид тавигдах ерөнхий шаардлагыг тусгаад байгаа юм.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын зарим засвар оруулсан байна. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар үг хэлж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ажлын багаас асуулт асуув. 


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн төсөл батлагдсанаар, хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн байдал тодорхой болж контентын чанарыг сайжруулах, хараат бус байдлыг нь хангах чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Тэрбээр, орон нутагт 51 кабелийн телевиз байгааг тэмдэглээд, төсөлд тусгасан Өргөн нэвтрүүлгийг дэмжих сан орон нутгийн телевизийг дэмжих чиглэлд ажиллах бололцоо бий эсэхийг тодруулав. Мөн тэрээр, сүүлийн үед цахим хэрэглээ нэмэгдэж, төрийн үйлчилгээ цахимд шилжиж байгаатай холбогдуулан иргэдийн цахим мэдээллийн санг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талд хэрхэн ажиллаж байгааг нэмж лавлав. 


Ажлын багийн гишүүн ХХЗХ-ны хэлтсийн дарга А.Лувсан-Очир, Хуулийн төсөлд, шинээр бий болгох дээрх сан нь Өргөн нэвтрүүлгийн үйчилгээ эрхлэгч Улаанбаатар болон орон нутаг, тэр дундаа алслагдсан сумын телевиз, радиод бүрэн үйлчилнэ гэдгийг онцлов. Ингэхдээ, Соён гэгээрүүлэх, хүүхдийн танин мэдэхүйн, өв соёл, уламжлалыг сурталчлахад нь дэмжинэ хэмээн тодотгов.


ХХМТГ-ын дарга Б.Чинбат,  одоогоор "Хур" системд төр, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага нэгдэж, цахимаар 30 сая мэдээлэл солилцсон байна. Тиймээс хувь хүний мэдээлэл хамгаалах нь хамгийн чухал асуудал гэдгийг тодотгоод, олон улсын байгууллагаас ч энэ талаарх зөвлөмж ирж байгааг дурдав. Тэрбээр, "Хувь хүний өгөгдөл хамгаалах чиглэлээр боловсруулсан хуулийн төсөл Засгийн газарт бэлэн болсон, удахгүй УИХ-д өргөн барина" хэмээв. 


Ингээд хуулийн төслийн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Төсөлд “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай заалт нэмэхээр болов. Мөн “Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ; олон суваг дамжуулах үйлчилгээ; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрлийг нэгээс илүүг болон давхар эзэмшихийг хориглоно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзан” гэж өөрчлөн найруулахаар тогтов.


Ийнхүү Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Холбоотой мэдээ