УИХ-ын төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-12-11 17:52:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотноо болж буй Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий ассамблейд оролцож байна. 


Энэ сарын 9-12-нд болох уг ассамблейд 12 орны 60 гаруй төлөөлөгч нар оролцож байгаа юм. Чуулганыг нээж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы ерөнхийлөгч Вон Ю Чол үг хэллээ. Тэрбээр, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, шар шороо зэрэг байгаль орчны асуудал нь нэг улс, үндэстний бус дэлхийн бүх орнуудад тулгараад буй нэн даруй шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болоод байгааг онцлов.


Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы дэд ерөнхийлөгч О.Баасанхүү “Монгол Улсын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, улс орнуудын хамтран ажиллах шаардлагатай ажлуудын талаар санал бодлоо илэрхийлэв. Тэрбээр, улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулаагүй цагт байгаль орчны экологийн асуудал, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэж чадахгүй хэмээв.


Мөн энэ үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНХАУ, БНСУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзаж,  Монгол Улсын говь хээрийн бүсэд цөлжилтөөс үүдэлтэй тоосонцор, шар шороон шуурганы давтамж, үүслийг ажиглах, шийдлийг олоход судалгааны хамтарсан баг бүрдүүлэхийг хүссэн юм.

Холбоотой мэдээ