Лиш фестивальд ардчиллыг дэмжигч 1000 гаруй эмэгтэй оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-10 18:28:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан шударга, өрсөлдөөнд суурилсан чөлөөт нийгмийг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулсан эмэгтэйчүүдийг алдаршуулдаг АЭХ-ны “Лиш” фестиваль өчигдөр МҮЭСТО-нд боллоо. Нийслэл, орон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү фестивалийн хүрээнд "Лиш” форум, “Лиш” үзэсгэлэн худалдаа, ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх “Лиш” цэнгээнт бүжгийн цэнгүүн зохион байгуулсан юм.


Урт удаан амьдрал, хувьсгалчдын бэлгэ тэмдэг хэмээгддэг лиш цэцгээр илэрхийлсэн энэхүү форумыг АЭХ таван жил тутамд зохион байгуулж улс орны  өмнө тулгамдсан асуудлыг эмэгтэйчүүдийн дунд хэлэлцүүлдэг.


Энэ удаагийн форумаар улс төр, нийгэм, эдийн засгийн салбарын асуудлыг хөндөн хэлэлцэхийн зэрэгцээ форумын тунхаглалыг нэгдсэн саналаар баталж АН-ын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өгсөн юм. Тунхагт үндэсний болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүйсийн тэнцвэртэй харилцааг бүрдүүлснээр ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр шимийг нийгэм даяараа шударгаар хүртэх зэрэг олон эерэг өөрчлөлт бий болдгийг хүлээн зөвшөөрч гурван зорилтын хүрээнд уриалга дэвшүүлж манлайлан оролцохоо тунхаглан зарлалаа.



УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа: “30 жилийн хугацаанд Монголын нийгэмд олон өөрчлөлт гарчээ. Хамгийн наад захын жишээг дурдахад эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлдөг үйлчилгээний салбар, төрийн үйлчилгээний алба, захиргааны албаны нийт ажиллагсдын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Ардчилал хөгжсөн анхны жилүүдээс эмэгтэйчүүд улс төрд хүч түрэн орж ирсэн. Өнөөдрийн чуулганд оролцож буй 1000 гаруй эмэгтэйн дийлэнх нь ардчилсан хувьсгалд биечлэн оролцсон партизанууд байна. Эдгээр хүмүүс өнөөдрийн шударга ёс, чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн нийгмийг цогцлооход хэрхэн оролцож явсныг сонсоод бахархах сэтгэл төрж байна. Бид өнгөрсөн 30 жилийн ололт амжилтаа дүгнэж, улс орны дараагийн 30 жилийн хөгжлийг тодорхойлохын тулд энэ хугацаанд учирсан сорилт бэрхшээлээ зөв оношлох хэрэгтэй юм” гэлээ.

 


АН-ын дэд дарга, Лиш бэлгэдлийг санаачлагч Б.Дэлгэрмаа: “Монгол Улсыг Дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн дуу хоолотой, өнгө аястай, хоёр их гүрний дунд оршдог ч ардчиллын баян бүрд хэмээн өрнөдийн томчууд үнэлдэг. Дөрвөн жил тутамд төрийн эрх барих дээд байгууллагаа ард түмэн сонгох эрх, хувийн хэвшил бүхий эдийн засаг, хүний эрх, дэлхийг байлдан дагуулж буй түүх, соёл, урлаг зэрэг нь энэ хугацаанд гарсан олон өөрчлөлтийн нэг хэсэг. Нөгөөтэйгүүр ардчиллын хамгийн том асуудал болох үүрэг хариуцлага, эрх чөлөөг мартаж болохгүй. Хүний эрх чөлөө нөгөө хүний хамрын үзүүрээр хязгаарлагддаг. Тэр ч утгаараа үг хэлэх эрх чөлөө эргээд хүнийг гүтгэх, доромжлох эрх болох ёсгүй. Энэ хугацаанд болсон найман сонгуулийн эхний хоёр гурван нь л жинхэнэ үзэл баримтлалын сонгууль байлаа. Түүнээс хойш гажуудсан ардчилал буюу мөнгөний сонгууль болж хувирсан. Хувийн хэвшлийнхэн улс төрд орсон учир олигархууд бий болж төрийн мөнгөөр өөрийн бизнесийг хөгжүүлж байна. Үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө энэхүү гажуудлыг ирэх 30 жилд засаж залруулах үүрэг мөн л ардчиллын өмнө ирлээ” хэмээв. 


АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан: “30 жилийн өмнө ахмад үе маань бидэнд ардчиллыг авчирсан. Харин одоо ардчиллыг бэхжүүлэх, ардчилсан тогтолцоог төгс утгаар нь хөгжүүлэхэд залуус бидний оролцоо чухал байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эмэгтэй лидерүүдийн ихээр төрж байна. Манай улс 1924 онд Азидаа анх удаа эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхийг баталгаажуулсан. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн 17 хувийг л эмэгтэй гишүүд эзэлж байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байгааг харуулж байна” гэв.



Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга, малын гавьяат эмч Т.Дэлгэрсайхан: “1980-аад оны сүүлээр намайг ХААИС-ийн оюутан байхад ардчилсан хөдөлгөөн үүсэж оюутан нөхдийнхөө хамтаар дэмжин оролцож байлаа. 1989 онд сургуулиа төгсөөд Завхан аймгийн Ургамал суманд малын их эмчээр томилогдон очоод ардчилсан хөдөлгөөний үйл хэргийг сумандаа үргэлжлүүлсэн. Манай сумын тэр үеийн сэхээтнүүд болох хэдэн эмч, холбоочин тухайн үед ирдэг байсан сонин хэвлэлийг уншаад ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийдэг байлаа. Тэр үйл хэрэг маань ардчилсан хувьсгал болтлоо томорч нийгмийг үндсээр нь өөрчилж чадсанаар бахархдаг” гэлээ.

 

Лиш форумын үеэр Лиш бэлгэдлийн санаачлагч АН-ын Дэд дарга Б.Дэлгэрмаа болон ардчиллын үйл хэрэгт манлайлан оролцсон н.Тунгалаг нарт Алтан лиш цомыг АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа гардуулан өгсөн юм. Харин Жендерийн мэдрэмжтэй улс төрчөөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн хамтын хүч сангийн алтан хандивлагчаар АН-ын ҮБХ-ны гишүүн, Тесо корпорацийн захирал О.Цогтгэрэл нарт шалгарлаа.


Ардчилсан эмэгтэйчүүдийн салбар холбоодоос үйл ажиллагаагаараа тэргүүлсэн шилдгийн шилдэг холбоогоор СХД-ийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Говь-Алтай аймгийн АЭХ, Шилдэг улстөрч төрүүлсэн холбоогоор Завхан аймгийн АЭХ, хамгийн олон жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй шилдэг салбар холбоогоор Баянгол дүүргийн АЭХ тус тус шалгарлаа.


Фестивалийн Лиш экспод 16 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлснээс 10 шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж фестивальд оролцогчдод бэлэг болгон өгсөн юм.










Холбоотой мэдээ