"Асгатын мөнгө"-ний ордыг нээхээр аврагчид хасах 20-30 хэмд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-09 19:18:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улс орны нийгэм, эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар Монгол Улсын стратегийн орд "Асгатын мөнгө"-ний орд газрын далд уурхайг нээх ажилд оролцож байна. 


1991 оноос үйл ажиллагаа нь зогссон тус ордыг нээх, олон улсын лабораторид явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэхээр далайн түвшнээс дээш 2780 метр, нарны шууд тусгалгүй ууланд олон жил хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ хийх ажлыг өрнүүлж буй. Үүнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах алба, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байгаа юм. 


Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дэвсгэр дэх  энэхүү далд уурхайд аврагчид өдөр бүр цасан шуургатай, хасах 20-30 хэмийн тэсгим хүйтэн, зарим газраа 10 орчим метрийн зузаан хунгарласан цас, мөс тогтсон, байгаль цаг уурын хүнд нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа тухай ОБЕГ мэдээлэв. 


Ташрамд дурдахад, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид энэ оны эхний 11 сарын байдлаар,  4681 удаагийн гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэж, 1658 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Холбоотой мэдээ