Ноён уул орчмын дөрвөн лицензийг цуцлав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-09 17:58:20
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар, "Сентерра гоулд Монголия" ХХК-ийн Ноён уул орчмын газарт эзэмшдэг дөрвөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын Кадастрын хэлстийн даргад даалгав. 


“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-аас “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх эл хэргийг энэ оны гуравдугаар сарын 15-нд хэлэлцэж, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг АМГТГ-ын даргад даалгасан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн есдүгээр сарын 10-ны хуралдаанаар дээрхтэй ижил шийдвэр гарсан юм.


Ингээд дээд шүүх дээрх хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хэмээн үзэж, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлийг бүрэн хангалаа. 


Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын энэ оны есдүгээр сарын 11-ны хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байдаг Ноён уул орчмын тусгай хамгаалалттай газрыг ангилал ахиулж Дархан цаазат газар болгохоор шийдвэрлэж, энэ талаарх тогтоолын төслийг боловсруулаад байгаа юм. Мөн Шадар сайдаар ахлуулсан ажлын баг гарч, Ноён уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийн бүрдүүлсэн материал, үндэслэл, хууль зөрчсөн эсэхийг нягтлахыг даалгасан юм. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны зургаадугаар сарын 29-ний 16 дугаар тогтоолоор тухайн бүс нутгийн 21 мянга 600 га газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Гэвч үүнээс хойш энэ газарт таван ААН-ийн 12 лиценз олгогдсон байна.

Холбоотой мэдээ