Авлигын эсрэг өдөр өнөөдөр тохиож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-09 16:54:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. 

Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдөр нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулдаг. Энэ өдрийг тохиолдуулан манай улсад "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь" хэлэлцүүлэг “Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр манайд удаа дараа хийж буй судалгаагаар Монголд авлига цэцэглэж, үүний гол эх үүсвэр нь улс төрийн намын хандив, сонгуулийн санхүүжилт болоод байна гэдгийг хөндөж байв. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг ил тод, нээлттэй шийдэхгүйгээр Монгол Улс авлигын талаар аливаа зүйлийг шийдэж чадахгүй гэдгийг онцлов. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулин заасан байдаг ч хэрэгжихгүй байна гэв.

Одоо Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх талаар ид ярилцаж байна. Мөн УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Эдгээрт улстөрийн хүрээнд болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг засах талаар олон талын оролцоотой хэлэлцэн оруулж, шийдэх хэрэгтэй байна гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэг байгаагаа хэлж байв.


Жишээ нь, төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх тохиолдолд сонгуулийн зардлыг бууруулах хэрэгтэй. Гэтэл манай улсад сонгуулийн зардлыг бууруулах ямар ч бодлого байхгүй байна. Одоогийн үйлчилж буй Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоодог. Тэр байгууллагад дээд хэмжээг тогтоох аргачлал байхгүй учраас зах зээлийн үнэд тулгуурлан хөөсөрсөн үнээр нь зардлын дээд хэмжээг тогтоодог. Сонгуулийн зардал өсөх тусам нөгөө л бохир мөнгөний асуудал гарч ирдэг” талаар “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн санаачлагч Ч.Сосормаа хэлж байлаа.


Мөн өдөр АТГ-ын санаачилгаар “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөгөөнийг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нээж, “Сүүлийн үед нийгэмд авлигын шинжтэй мэдээлэл түгээмэл тархахын зэрэгцээ иргэд, олон нийт АТГ-аас, прокуророос, шүүхээс багагүй мэдээллийг шаардах боллоо.

Бид шүүх, хуулийн байгууллагуудын нэр хүнд олон нийтийн дунд унасныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм” гэдгийг онцлоод, “Энэ цаг үед нийгмийн шаардлагыг харгалзан тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар зөвлөлдөн, бодлого, стратеги, арга механизмаа ярилцах шаардлага тулгарч байна” гэдгийг тэмдэглэлээ.

Тэрээр, нийгэмд анхаарал татсан, нийтийн ашиг сонирхлыг хохироосон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх чиглэлээр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллахыг уриалсан юм.

Өнөөдрийн нэгдсэн зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УЕПГ ХЗДХЯ, ЦЕГ, ШШГЕГ, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.


Тодруулга: Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм байна. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон юм.

Б.Болд

Гэрэл зурийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ