ИТХ-ын бодлого чиглэлийн хэрэгжилтийг 2020 оны эхний хагас жилд тайлагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-08 14:11:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны ажлыг “хангалттай” гэж дүгнээд, “Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны үндсэн бодлого, чиглэл”-ийн хэрэгжилтийг ирэх оны эхний хагас жилд багтааж тайлагнахыг даалгалаа.

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөр батлах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалтын ажлын дүн зэрэг олон чухал асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тухайлбал, “Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”, “Зөгий”, “Шинэ хөдөө-Булган”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”, Аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг баталж, Монгол Улсын хууль тогтоомж, аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг тогтмол сонсож үүрэг чиглэл өгч, Орхон аймагтай хил залгаа нутагт газар олголтын байдал, уул уурхай эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын явц байдал зэрэг тодорхой асуудлуудаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан байна.

Аймгийн ИТХ-ын хороодын ажил, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийх гүйцэтгэлийн хяналт шаардлагын түвшинд хүрэхгүй байна гэж дүгнэлээ.

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг сайжруулах гүйцэтгэлийн явцад хяналт тавьж, үр дүнг тооцож, холбогдох арга хэмжээ авч ажиллах чиглэлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өгсөн байна.

Холбоотой мэдээ