Баян-Өлгий аймаг Авто буудалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-07 21:53:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод Авто тээврийн үндэсний төвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Авто буудал байгуулж өнөөдөр нээлтийг нь хийлээ.

Тус аймагт 2014 онд улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр битүү худалдааны төв барьсан ч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй юм. Иймээс орон нутгийн удирдлагууд Засгийн газарт хүсэлт тавьж, битүү худалдааны төвийг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлжээ. Мөн барилгын 40 хувийг авто буудлын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсны дагуу өөрчлөн шинэчилжээ. Авто буудлын өмнөх эзэмшил газрын хэмжээг өргөтгөж Техникийн оношилгооны төв, 3000 м.кв зам талбайг шинээр нэмж барьсан байна. Барилгын ажлыг орон нутгийн "Көшелик" компани товлосон хугацаанд багтаан гүйцэтгэжээ.

"Авто буудлын барилга нь 2100 мкв, Техникийн оношилгооны төв нь 240 мкв талбайтай. Энд аймгийн Авто тээврийн төвийн оффис, хүлээлгийн танхим, тасалбар түгээх цэг, цайны газар, хурлын танхим, эмч, цагдаагийн контор байрлана. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх, нэр шилжих, улсын дугаар олгох, ангилал тогтоох, тээврийн хэрэгслийн даатгал, татвар төлөх, хот хоорондын болон улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг өнөөдрөөс нэг дороос үзүүлнэ. Түүнчлэн буудал дотор автобусны тасалбар авах, улсын бүртгэлийн тэмдэгтийн хураамж, торгууль, татвар,  төлөх "Гэрэгэ киоск" давхар байршуулж байна" хэмээн аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Сайдол хэллээ.

Баян-Өлгий аймаг нь Цагааннуур боомтоос Ховд аймгийн Яарант боомт хүртэлх АН-4 зэрэглэлийн Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт дамжин өнгөрдөг онцлогтой аймаг. Өлгий хотод стандартын шаардлага хангасан Авто буудал байгуулснаар авто тээврийн үйлчилгээг олон улсын жишгээр түргэн шуурхай, чанартай үзүүлэх боломж бүрдсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.

Авто буудал, Техникийн оношилгооны төвийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон нар оролцож, орон нутгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ.   

Холбоотой мэдээ