Авлигатай тэмцэж буй Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-06 17:56:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн сан, “Сант-Марал” сан хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны 2019 оны үр дүнг "Монгол ньюс" мэдээллийн төвд өнөөдөр танилцууллаа.

Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Хамрагдсан иргэдийн 93.6 хувь нь авлига нь Монголд нийтлэг үзэгдэл болсон гэж дүгнэжээ. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд хээл хахуулийн шинжтэй зүйл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн иргэдийн тоо 3.3 хувь болж буурчээ.

Авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намуудыг нэрлэж, удаалаад хууль, шүүхийн байгууллага эрэмбэлэгдсэн байна. Энэ нь хуулийн байгууллагад хандах иргэдийн итгэл буурсныг харуулж байна. Гэхдээ энэ нь төсөөлөл гэдгийг ойлгох хэрэгтэй” гэдгийг “Сант-Марал сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати хэлж байлаа.


Тэрээр энэхүү судалгааг авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг илүү сайн тодорхойлох зорилгоор явуулж ирснийг хэлж, 2019 оны судалгааны зорилго нь иргэдийн авлигын талаарх хандлага, ойлголт, төсөөллийг хууль тогтоогчид бодлого тодорхойлогчид болон иргэний нийгмийн сонорт хүргэх юм гэдгийг онцлов.  

Энэ жилийн судалгаанд оролцсон хүмүүсийн 87 хувь нь төр, засгийнхны авлигатай тэмцэх үйл ажиллагааг хангалтгүй байна гэж дүгнэжээ. Үүний зэрэгцээ АТГ-ын үйл ажиллагаанд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан байна.


Сант-Марал сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати, “Авлига газар авсан нь хэдэн жилийн турш ажиглагдаж байна. Гэтэл жижиг авлига буурч байхад авлигын үзүүлэлт яагаад өндөр байсаар байна вэ гэдэг асуулт гарна. Хариулт нь дээд түвшний авлига газар авсан гэсэн үг. Дээд түвшний авлигатай хэн тэмцэх вэ гэсэн асуулгад Засгийн газар нэгдүгээрт жагссан. Хэрвээ Засгийн газар чадахгүй бол иргэний нийгмийнхний үүрэг оролцоо чухал болно гэж дүгнэсэн” гэв. Судалгааны дүнг Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнийн танилцуулснаас товч дурдвал:

  • 2019 онд судалгаандоролцогчдын 93.6 хувь "Авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3.3 хувьтай байна.
  • Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа. Судалгаанд оролцсон иргэдийн 41.8 хувь нь "Одоогийн Засгийн газраас энэ чиглэлд тодорхой ажлууд хийж, ахиц гаргана гэсэн өндөр хүлээлттэй байна" гэдгээ илэрхийлжээ.
  • 2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулжээ.
  • Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогүур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улстөрчид авлигыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлжээ.

Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ