УДШ-ийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-05 11:47:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын дээд шүүх /УДШ/-ийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаарх бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов. 


Болдын Амарбаясгалан 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991-1995 онд МУИС-д хуулийн бакалавр, 1999 онд Батлах хамгаалахын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд тус сургуулийн багш, 2007-2013 онд ахлах багш, 2013-2017 онд Сургалтын албаны дарга, 2017 оноос дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. УДШ-ийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилох Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав. 


Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Нэр дэвшигч нь их дээд сургуульд 10 жил ажилласан, хуульд заасан нөхцөлийг хангасан байгааг тодотгов. Мөн тэрээр, Т.Чимгээ, Б.Содномдаржааг эрүүдэн шүүсэн гэх, Салхитын мөнгөний ордтой холбоотой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийг Улсын дээд шүүх дорвитой хөдөлгөхгүй байгааг шүүмжилж, нэр дэвшигчийг шүүгчийн дээд ёс зүйг баримталж, эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллахыг захив. Мөн гишүүдээс улс төрчдийн нөлөөнд орохгүй, хуулинд захирагдаж, шударга ажиллахыг сануулж байв. 


Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Анхан болон давах шатны 17 шүүгчийг Асгатын мөнгөний ордтой холбоотой асуудлаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн нь шүүх засаглалын нэр хүндийг маш ихээр унагасан гэлээ. Тиймээс шүүх засаглалын нэр хүндийг үүнээс доош унагахгүй, иргэний шүүхэд итгэх итгэлийг сэргээхэд анхаарч ажиллахыг захив. Мөн Улсын дээд шүүхийн нэг бүрэлдэхүүн байхгүй байгаа нь иргэдийн олон тэрбум төгрөгийн эд хөрөнгийн маргааныг шийдэж чадахгүй байгааг тодотгоод, энэ салбарыг хариуцсан Ерөнхийлөгч, Засгийн газар, ШЕЗ зэрэг байгууллагууд дээрх асуудалд анхаарах хэрэгтэйг онцолсон. Ингэхдээ, хууль, эрхзүйн орчныг сайжруулах замаар асуудлыг шийдэх боломжийг судлах хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын даргад тавилаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч УДШ-ийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилох бичгийг хүлээн авснаар, батламжлан зарлиг гаргаж, түүнийг үүрэгт ажилд нь томилох юм. 

Холбоотой мэдээ