ХАА-н салбарыг ирэх онд 7.9 тэрбумын хөрөнгө оруулалтаар дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-05 09:28:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээр ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох боломжийг сайжруулах зорилгоор ирэх онд 7.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, дэмжлэгийг орон нутагт үзүүлэх гэж байна.

Дээрх хөрөнгийн 30 хувийг орон нутгийн төсвөөс, 70 хувийг ХАА-г хөгжүүлэх Олон улсын сан (ХААХОУС/IFAD) санхүүжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ХААХОУС-гийн Монгол дахь төслийг хариуцсан захирал Хуберт Боирард нар саяхан уулзаж тохироод байна.

Дээрх сангийн санхүүжилттэй Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийг ХХААХҮЯ хамтран манай улсын зорилтот 6 аймгийн 18 суманд өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.

2021 оны 9 дүгээр сар хүртэл хэрэгжих уг төсөлд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буйд ХААХОУС-ын Монгол харицсан захирал Хуберт Боирард Монгол Улсын Засгийн газарт талархсанаа илэрхийлэв. Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл нь:

  • Зах зээлийн хөгжил,
  • Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь,
  • Төслийн менежмент ба бизнесийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй юм.

Төслийн хөрөнгө оруулалтаар өвс тэжээлийн 11 агуулах барьж, мал болон иргэдийн усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 157 гүн өрмийн худаг гаргах юм. Мөн 78 бог мал угаах ванн барихаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулалтын хуваарилалтын саналыг орон нутгийн болон ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд хамтран гаргахаар ажиллаж байна. 

Б.Болд

Холбоотой мэдээ