Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулахаар зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-05 11:08:59

Ховд /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” (LTS3) төслийн хүрээнд “Зөвлөхүүдийн зөвлөлдөх уулзалт” зохион байгуулав.

Мерси Кор олон улсын байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газар (OFDA) хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” (LTS3) төслийг Ховд, Увс, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар аймагт тус тус хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд зорилтот аймаг тус бүрт хил дамжин халдварладаг өвчний эрт тандан судалгааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр орон нутгийн удирдлагын төлөвлөх чадавхийг бэхжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ дагуу мал эмнэлэг болон гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах зөвлөх ажилтнууд зорилтот аймаг тус бүрт ажиллаж эхэллээ.

Тэгвэл баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн зөвлөх ажилтнууд цаашид хэрэгжүүлэх ажлаа хамтын оролцоотой оновчтой тодорхойлох, орон нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах, хамгаалах төлөвлөгөө боловсруулах зорилгоор “Зөвлөхүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг 12 дугаар сарын 03, 04-нд  Ховд аймагт зохион байгууллаа.

Тус уулзалтад Мерси Кор олон улсын байгууллагын төлөөлөл болон Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн зөвлөх ажилтан, холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 гаруй хүн оролцож, харилцан санал солилцсоноороо онцлогтой.

Энэ удаагийн уулзалтын үйл ажиллагаа нь мал эмнэлэг болон гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг тухайн орон нутгийнхаа онцлог, өнөөгийн хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулж, оролцогчдын тодорхой саналыг нээлттэй тусгаж буйгаараа давуу талтай гэж зохион байгуулагчид хэллээ. 

Холбоотой мэдээ