Р.Батбаатар: Олон улсын ганцаарчилсан тэмцээнд монгол тогооч нар үнэлэгддэг

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2019-12-05 16:02:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол тогооч нар олон улсын томоохон тэмцээнд амжилттай оролцож, дэлхий нийтийн чиг хандлагатай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явна. Монгол үндэсний идээ ундааны онцлогийг таниулан сурталчлахад хувь нэмрээ оруулж яваа Монголын мастер тогоочдын холбооны дэд тэргүүн Р.Батбаатартай ярилцлаа.


-Монгол хоолны өв соёлыг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн ихээр татдаг нь хоол үйлдвэрлэлийн салбар гэж хэлж болно.  Ер нь монгол тогооч нарын ур чадвар хэрхэн үнэлэгдэж байна вэ?

-Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ажиллаж байгаа боловсон хүчин, ялангуяа хэрэглэгчтэй тулж харилцдаг хүн бол тогооч юм. Манай тогооч нар 2009 онд Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн байгууллагад элссэнээс хойш сүүлийн 10-аад жил олон улсын тэмцээнд оролцож байна. Монголын мастер тогооч нарын холбооны тэргүүн Д.Буяндэлгэр, Ч.Санчир, Б.Дэлгэр нарын бүрэлдэхүүнтэй анх удаа амжилттай оролцсон түүх бий. Хоол хийхэд гэгээрэл, бясалгал, оюун санаагаа бүгдийг нь түүндээ чиглүүлнэ гэсэн үг. Бүгд л амттай хоол хийхийг хүсдэг. Харин тэмцээн бол онцлогтой, бүх зүйл нь эрэг шураг шиг таарч байх ёстой.

-Олон улсын уралдаан тэмцээнд манай тогооч нарын гаргаж байсан амжилтаас дурдана уу?

-Хоол үйлдвэрлэлийн салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд ахицтай явж байна. Монгол тогооч нар олон улсын А болон Б зэрэглэлийн ахисан түвшний тэмцээнд оролцож, амжилт гаргана гэдэг ур чадвар нь ахиж буйн шинж юм. Бидний гол зорилго бол Герман улсад дөрвөн жилд нэг удаа болдог IКА хоолны олимпын босгыг давах юм. Ингэхийн тулд Азийн болон бүсийн уралдаан тэмцээнд амжилт гаргах шаардлагатай байдаг. Маш их бэлтгэл, хүнсний зарцуулалт, санхүү хэрэгтэй болдог. Монголын залуу тогооч нар сүүлийн 10 жилд нөхөрсөг, бүсийн, олон улсын тэмцээн, хоолны олимп гэх зэрэг тэмцээнд чамлахааргүй амжилт үзүүлсэн.

Олон улсын тэмцээнд хоол хийх байдлыг харахаас гадна, хоол хийх тоног төхөөрөмж, хэрэглэх сав суулгад хүртэл стандарт шаарддаг. Олон улсын зах зээлд монгол тогооч нар харьцангуй танигдсан гэж мэргэжлийнхэн үнэлж байгаа. Ялангуяа олон улсын тэмцээнд монгол тогоочийн эзлэх байр суурь сайн гэдгийг онцлон дурдмаар байна. Ганцаарчилсан болон багийн төрөлд монгол тогооч нар 19 улсад очиж уралдаан тэмцээнд оролцсон. Румын, Солонгос, Украин, БНХАУ, Македон, Мексик, Грек, Герман, Казахстан, Киргизстан зэрэг оронд олон улсын тэмцээнд оролцсон.

Хамгийн сүүлд БНХАУ-ын Нинбао хотод залуу тогооч нарын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Энэхүү тэмцээн 18-25 насны залуу тогооч нарын дунд болсон.

Түүнчлэн Монголын мастер тогоочдын холбоо анх удаа 2017 онд “Чингис хаан”-ы цом Олон улсын тогооч нарын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан. 2019 оны зургаадугаар сард хоёр дахь удаагаа өргөн хүрээнд зохион байгуулаад байна. Эх орондоо их хааны нэрээр овоглосон Олон улсын тогооч нарын тэмцээн зохион байгуулж байгаа нь үндэсний соёл, түүх, зан заншлыг сурталчлахад чухал ач холбогдолтой. Ялангуяа идээ зоог гэдэг бол аливаа үндэстний биет бус өвийн төлөөлөл юм. Тиймээс бид үндэсний идээ ундаа маань ийм онцлогтой гэдгийг харуулахыг зорьж байна. Гэтэл манайханд, үндэсний хоол гэхээсээ илүү итали хүн ирэхэд итали хоол, франц хүнд франц хоол хийх гэдэг дутагдал бий. Монгол хоолыг бууз, хуушуур, боодог, хорхог гэж ойлгодог. Гэтэл хоолны нэр төрөл маш олон шүү дээ.

-Бусад орныхон үндэсний хоолоо хэрхэн сурталчилдаг туршлагаас жишээ татаж болох уу?

-Хамгийн том бууз ч юм уу, үндэсний хоолоо онцолсон тэмцээн зохион байгуулах нь үндэсний зоогийг танин мэдэхэд нөлөө үзүүлдэг гэдгийг бусад орны жишээнээс харж болно. Тухайлбал, Узбекистан улс 7000 кг плов хийж дэлхий дахинд үндэснийхээ хоолыг танилцуулсан. Энэ бол узбек үндэсний хоол юм гэж өв соёлоо түгээж байгаа нэг хэлбэр юм. Түүнээс биш 50 тогооч хамтарч хийсэн гэдэг талаасаа биш.



-Тэгэхээр олон улсад ямар хоолоо түлхүү сурталчилбал амжилтад хүрнэ гэж та үздэг вэ?

-Монголчууд битүү хоолоороо алдартай улс. Ил гал дээр мах шарах ухаан бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхтэй учир “барбекью Монголынх” гэвэл учир дутагдалтай болно. Харин битүү хоол бол дэлхийн ямар ч хоолны цэсэнд байдаггүй. Тухайлбал, хонины дайвар бүтээгдэхүүн бол хоол боловсруулах эрхтэн. Гүзээн дотор аяны зориулалттай мах, шүүс, идээ, халуун чулуу хийж түргэн хугацаанд болгодог хоолыг манай өвөг дээдэс өвлүүлж үлдээсэн. Битүү шөлөнд цоохор сархинагны битүү шөл, цоохор сархинагны шөл гэхчлэн багтана.

Сүү цагаан идээгээр хийх маш олон төрлийн хоол бий. Тухайлбал, Бяслагийг өөр ямар байдлаар хоолны зах зээлд нийлүүлж болох вэ гэвэл гурвалжин будаа, үзэмтэй бяслаг байж болно. Тухайн үндэстэн цаг агаар, орчин нөхцөлдөө зохицсон хоол зоогийг хэрэглэдэг. Япончууд гэхэд цагаан будаа, загас, далайн гаралтай түүхий эд, амин дэмтэй шим тэжээллэг хүнсийг хэрэглэж байж урт насалдаг. Манай улсын хувьд хүн бүр төдийлөн цагаан идээ идэж, хэрэглэж чадахгүй байна. Бяслаг бол козайн уургаар баялаг хүнс юм.  Түүн дээр гурвалжин будаа буюу ислэг нэмж болно. Амтлаг болгох үүднээс бурам, үзэмтэй холих зэргээр баяжуулж хоолны цэсээ арвижуулж болно.

-Ер нь, олон улсын тэмцээнд манай тогооч нар ямар хоолны төрлөөр амжилт үзүүлдэг вэ?

-Олон улсын тогооч нарын 68 орчим төрлийн тэмцээн болдог. Элсэн чихэр, фондант гэж нарийн боовны тогооч нар урлагийн бүтээл хийж оролцож байна. Мөн цөцгийн тос буюу тосон урлаг, бүх төрлийн хатуу хүнсэн дээр бүтээгдэхүүний өнгө бүтцийг ялгаруулдаг сийлбэр чимэглэлийн тэмцээн явагдаж байна. Монгол тогооч нарын тухайд халуун хоолны төрлөөр түлхүү оролцдог. Тахиа, үхэр, хонины махаар хийх хоол, этник фүүд буюу үндэсний  хоол хийх гэх мэт номинацид  оролцож байна. Олон улсын тогооч нарын тэмцээн баруун Европын хоолны хэв маягаар явагддаг. Энэ нь бидэнд шинэ зүйл сурах шаардлага бий болгодог. Бидний өнөөдрийн барьж буй үндсэн технологиос барууны хоолны хэв маяг өөр стандарттай. Жишээ нь, махны тухайд монголчууд шүүрхий мах иддэггүй. Заавал бүрэн гүйцэд болгож иддэг. Тэгэхэд барууны хоолны хэв маяг гэх стандартаар мах идээ шүүсийг шүүрхий, хагас шүүрхий идэж байна. Энэ нь мэргэжилтнүүдэд шинэ мэдээлэл, сургалт болдог. Яагаад идээ шүүсийг шүүрхий идэж байна гэдэг талаас нь судлагдахуун гарч байгаа юм.


-Манай үндэсний ямар хоолыг гадаадынхан зооглох дуртай вэ?

-Гадаадынхан битүү хоолыг их сонирхдог. Амьтны арьсан дотор ямар ч сав суулга ашиглахгүйгээр хийж байгаа нь нэг талаас ур чадвар, нөгөө талаас үндэсний хоолны онцлог юм. Үүнийг зайлшгүй орчин үеийн хэв маягт оруулах шаардлагатай. Манай малын мах бол бэлчээрийн гаралтай, жинхэнэ органик хүнс гэж хүлээн зөвшөөрдөг. Малын өвс тэжээлийг нь хүн бэлтгэж өгдөггүй, бэлчээрээр идээшилдэг учраас амин дэм, шим тэжээллэг талаасаа маш сайн байдаг.

Европчуудын тухайд манай үндэсний зоог идээ мах, махан шүүс идээнд маш дуртай, хүлээн авдаг. Бууз гэхэд л манайхны онцлог, хонины мах болон гоньд, ааг амттанаар амталж хийдэг, өөр ногоо хийдэггүй. Энэ бол монгол буузны онцлог, дотроо шүүстэй байдаг. Битүү хоолны төрөл цусан хиам, цусан зайдас зэргийг европ хүмүүс сонирхож байгаа нь ажиглагддаг. Үндсэн бүтээгдэхүүн нь органик учир хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг татдаг болов уу.

-Монгол тогооч нарын онцлогийг хэрхэн дүгнэж болох вэ?

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход монгол тогооч нар байгалиас заяасан авьяастай гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Юмыг сурахдаа хурдан, өөрийн болгож эзэмшихдээ гаргуун, түргэн хугацаанд шинэчлэлт хийхдээ сайн. Мөн тухайн оролцогчийн хичээнгүй байдал хамгийн чухал. Энэ талд монгол хүний чанар өндөрт явж байна. Гадаадын экспертүүд “Монголчууд багаар ажиллахаас илүү ганцаарчилсан төрлийн тэмцээнд амжилт их гаргах юм” гэж дүгнэдэг. Багийн тэмцээнд 3, 5 хүн нийлж баг болдог. Бие биенийхээ дутууг гүйцээж ажилладаг, өөр өөрийн үүрэг даалгавартай байж баг болдог. Ганцаарчилсан төрөлд монголчууд өндөр үнэлэгддэг. Хурд, техник буюу ур чадвар сайтай. Ер нь хоол хийнэ гэдэг нэг талдаа сэтгэмжийн урлаг, нөгөө талдаа хоолны дүрэм стандартад баригддаг.

Холбоотой мэдээ