Монгол Улсад зорчих "О" ангиллын визийг цахимаар олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-03 16:33:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог "О" ангиллын визийг цахимаар олгож эхэлсэн тухай Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр мэдээлэв. 


Тус байгууллага нь “Цахим засаг” үндэсний хөтөлбөр болон байгууллагынхаа “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх виз олгох үйлчилгээг үе шаттай цахимжуулж буй. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас жуулчин "J", бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн "бизнес" орох, гарах визийн зөвшөөрөл олгох зургаан төрлийн үйлчилгээг цахимжуулжээ. 


Цахим үйлчилгээ авахдаа, интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон https://evisa.mn/ хаягаар шууд нэвтэрч, цахим зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлэх боломжтой аж.


Цахим үйлчилгээ нэвтрүүлснээс хойш Гадаадын иргэн, харьяатын газраас “J”, “B”, “А”, “S1,S2” суралцах, олон удаагийн орох, гарах визийн зөвшөөрөл зэрэг нийт 5000 гаруй иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.



Холбоотой мэдээ