Трамп, Орос, Хятад - Гренландад учирч буй 3 том аюул

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-12-03 15:11:07

Өөрийнх нь харьяанд байдаг Гренландын аюулгүй байдал нь терроризм, кибер гэмт хэргээс илүү ноцтой асуудал болж хувирсан тухай Данийн эрх баригчид анх удаагаа мэдэгдлээ.


Данийн цэргийн тагнуулын албаны үзэж байгаагаар, энэ нь Америкийн гадаад бодлогод гарч болзошгүй өөрчлөлтүүд, тодруулбал, Ерөнхийлөгч Д.Трамп Арктикийн асар том энэ арлыг АНУ худалдан авах хүсэлтэй байгааг илэрхийлсэнтэй холбоотой ажээ.  


Гренланд бол Данийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг боловч маш өргөн автономит эрхтэй нутаг орон юм. 1985 онд тус арал Европын Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн бүрэлдэхүүнээс гарч, бусад улс оронтой бие даан худалдааны гэрээ байгуулах эрхтэй болсон аж. Тухайлбал, Хятад улс ашигт малтмалын зарим ордыг ашиглах тухай гэрээг аль хэдийнэ Гренландтай байгуулсан байна.

Данийн цэргийн тагнуулын газрын дарга Ларс Финдсэн-ийн хэлснээр, Гренланд нь Данийн Вант улсын аюулгүй байдалтай холбоотой томоохон асуудлыг үүсгээд байна. Учир нь, АНУ, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн том гүрнүүдийн өрсөлдөөн Арктикт хэдийнэ эхэлчихээд байгаа аж.


Энэ оны 8 дугаар сард Данийн засгийн газар Гренландыг худалдан авах тухай Д.Трампын саналыг “үл бүтэх хийсвэр санаархал” гэж нэрлэсэн бол үүний хариуд Америкийн Ерөнхийлөгч Данид хийхээр төлөвлөж  байсан айлчлалаа цуцалсан төдийгүй Данийн Ерөнхий сайдын мэдэгдлийг “жигшмээр зүйл” гэж тодорхойлжээ.


АНУ-ын хувьд, бүр эртнээс Гренландыг сонирхож байгаа юм. Тухайлбал, уг арлыг худалдан авах саналыг Вашингтон 1867 онд анх даничуудад тавьж байв. Дараа нь тус арлын аюулгүй байдлыг хангаж байсан америкчууд  1941 онд дахин ийм санал тавьж байжээ. 


Хүйтэн дайны үед Гренланд маш чухал үүрэгтэй байлаа. Туле тосгонд асар том радар бүхий Америкийн цэргийн бааз байрлаж, Арктикийн агаарын орон зайг хянаж, пуужингийн болзошгүй довтолгооноос сэргийлэх үүргийг гүйцэтгэж байв.


Гренландыг яагаад гэнэт сонирхох болов?


Дэлхийн уур амьсгал дулаарч буй энэ цаг үед Гренландын арал стратегийн хувьд чухал бүс нутаг болон хувирч байна. Гренландын мөс хайлснаар Хойд мөсөн далайгаар дамжих усан замын тээвэр өргөжихөөс гадна тус арал дээрх ашигт малтмалыг олборлох нь эдийн засгийн хувьд ашигтай  болж байна. Гренланд нь Хойд Америк, Европ хоёрын голд байрлалтай учраас олборлосон ашигт малтмалыг бусад орны зах зээлд борлуулах өргөн боломжтой.


“Бид Арктикийн чиглэлээс учирч болзошгүй аюулын талаарх дүн шинжилгээний илтгэлийг энэ онд боловсруулж эхлэхээр шийдсэн. Учир нь, энэ бүс нутаг руу чиглэсэн бусад орны сонирхол өсөн нэмэгдсээр байгаа нь Данийн Вант улсын эрх ашгийг хөндөж байна” гэж цэргийн тагнуулын газрын дарга Л.Финдсэн ярьсан юм.


“Бүс нутгаа цэрэг-улс төрийн сөргөлдөөнөөс ангид байлгана гэж Арктик орчмын орнууд мэдэгдсээр байгаа хэдий ч тэдгээрийн Арктик дахь цэргийн оролцоо нь улам нэмэгдсээр. Орос, АНУ, Хятад гэсэн гүрнүүдийн хооронд томоохон тоглолт явагдаж байгаа нь бүс нутгийн түгшүүртэй байдлыг даамжруулж байна” гэж тэрбээр дүгнэлээ. Орос улс Арктик дахь эдийн засаг, цэргийн оролцоогоо бэхжүүлсээр байгаа бол туйлын нутаг дэвсгэрийн харьяаллын талаар Дани, Орос, АНУ, Канад улс хоорондоо зөрчилдсөн хэвээр.


Данийн Тэнгисийн цэрэг, агаарын цэргийн хүчнийхэн Гренландын агаарын болон тэнгисийн орон зайд тогтмол эргүүл хийж байгаа аж. Энэ оны 8 дугаар сард Дани улс өөрийн флотын хамгийн том хоёр хөлөг онгоцны нэг болох “Абсалон”-ыг Гренланд руу анх удаа илгээлээ.

"Абсалон" байлдааны хөлөг онгоц

Гренландын эрдэс баялаг


Мөс хайлж байгаа учраас Гренландад уул уурхайн үйлдвэрлэл сэргэж байна. Австралийн Greenland Minerals Ltd компани, Хятадын Shenghe Resources Holding компанийн байгуулсан хамтарсан үйлдвэрийн газар Гренландад уран болон торий олборлон Хятадад экспортлохоор төлөвлөж байгаа ажээ. 

Greenland Minerals Ltd  компанийн байр 

Greenland Minerals Ltd-ийн хийсэн үнэлгээгээр, Гренландын өмнөд хэсэг дэх зөвхөн ганцхан орд л гэхэд 270 мянган тонн уран, 11 сая тонн газрын ховор металлын нөөцтэй аж. Ордуудыг ашиглах төсөлд Хятадын Үндэсний цөмийн корпораци /CNNC/ оролцож байна. Гренландын бусад районд бадмаараг, биндэрьяа чулуу, алт, цагаан алт, цайр, хар тугалга, молибдений ордууд илэрчээ.  

Лондонгийн Bluejay Mining компани Дандас голын бүсэд, Америкийн Туле баазаас холгүй газарт төмөр, титаны ислийн /ильлменит/ ордыг ашиглаж байгаа бөгөөд тус компанийн хувьцааны тодорхой хэсгийг Дани, Гренландын компаниуд худалдан авчээ. Bluejay Mining компани титаны хүдрийн ордоос гадна өөр хоёр том ордод олборлолт явуулж байгаа юм. Нэг нь никель, зэс, цагаан алтны орд бол нөгөөд нь цайр, хар тугалга, мөнгө олборлодог байна .


Гренландын арал Данитай хэрхэн харилцдаг вэ?


56 мянган хүн амтай Гренланд нь эдийн засгийн хувьд Даниас ихээхэн хамаардаг. 2009 онд Гренландын өөрийгөө удирдах эрхийн тухай хууль батлагдсанаар тус арлынхан өргөн хэмжээний автономит эрхтэй болжээ. Гэхдээ Дани улс тус арлын гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдал ба цагаачлалын асуудлыг хариуцдаг. Гренландын экспортын 90 орчим хувь нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн бөгөөд түүний дийлэнх нь Данид нийлүүлдэг сам хорхой юм. 


Копенгагенаас Гренландад жил бүр 3,9 тэрбум дани кроны /574 сая доллар/ татаас олгодог байна. Түүнчлэн Данийн засгийн газар Гренландад 3 олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажлыг санхүүжүүлж байна. Хятад улс нисэх буудал барих зөвшөөрөл хүссэн боловч хүлээж аваагүй аж.

Данийн OLFI цахим хуудасны сэтгүүлч Каспер Уэстер-ийн ярьснаар бол “Гренландын арал дахь ашигт малтмалын ордууд асар их нөөцтэй гэдгийг оршин суугчид нь сайн мэдэж байгаа” аж. 


Гренландын зарим улстөрчид Данийн татаасгүйгээр байдал маш хүнд байх болно гэдгийг мэдэж байгаа хэрнээ Гренландыг бүрэн тусгаар тогтнуулахын төлөө байдгийг Уэстер хэллээ. Харин Данийн улстөрчдийн хувьд, тэд маш болгоомжилсон байр суурьтай байгаа юм. Гренландын сэдвээр явуулдаг мэтгэлцээн бүр нь “Копенгаген арай дэндүү колонийн бодлого явуулаад байна уу даа” гэсэн асуултыг дагуулдаг.


Түүнээс гадна, Дани улс Хятадтай хамтран томоохон бизнесийн төсөл хэрэгжүүлэхийг Данийн олон улстөрч таашаахгүй байгаа тухай сэтгүүлч К.Уэстер ярилаа.


Б.Адъяахүү


Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-50609906

 

 

Холбоотой мэдээ