Г.Уянга:Үндэсний эрх ашгийг дээдэлсэн зөв хүмүүсийн эвсэл байгуулахыг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭТусгаар тогтнол эв нэгдлийн нам /ТТЭНН/ шинээр эмхлэгдэн зохион байгуулагдан, Ээлжит бус их хурлаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийж, улс төрийн шинэ зорилго, зорилтоо танилцууллаа.
ТТЭНН нь 2015 оны 4 дүгээр сарын 18-нд байгуулагдаж, мөн оныхоо 5 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд 3000 гаруй гишүүнтэй юм байна. УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрөгч долоо хоногт тус намын даргаар сонгогдож, улмаар өнөөдөр Ээлжит бус их хурлаа зохион байгуулж байна.
Их хурлыг нээж тус намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга улс төрийн илтгэл танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, “Монгол орон түүхийнхээ эргэлтийн нэгэн мөчлөгт тулж ирлээ. Коммунизмд хөтлөгдөж савласан 70 жил, либерализмыг дагаж далийсан 30-аад жил буюу нэгэн зууны дараа монгол үндэстэн өөрийгөө олж чадах эсэх түүхийн сонирхолтой, эгзэгтэй мөчлөгт та бид амьдарч байна. 26 жилийн бүрхэг “МАНАН”-т үеийг дуусгахыг хэн бүхэн хүсч байна. Монголын түүхийн энэ үед шүүмжлэлтэй хандаж, идэвхтэй дуугарч байгаа хүмүүс нь иргэддээ сонголт бий болгох хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Ийм сонголтыг бий болгохын төлөө ТТЭНН шинээр эмхлэн зохион байгуулагдаж байна. Монголын ард түмний эрэл хайгуулд дуудлагад хариулт өгч, итгэл найдварыг биелүүлэх чадвартай улс төрийн цоо шинэ тэргүүлэх хүчнийг ТТЭНН-д тулгуурлан байгуулах үйлсийг эхлүүлж байна” гэв.
Мөн тэрбээр “Бидний эрхэм зорилго бол Монгол төрийг төв, баруун, зүүн гар гэж хуваадаг Монгол төрийн эртний шалгарсан уламжлалын дагуу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гол төв байхын зэрэгцээ, баруун зүүн талдаа хөгжил татах, тэнцвэртэй, хүчирхэг хоёр төвтэй, бие даасан, олон улсад нэр хүндтэй улсыг байгуулах зорилго мөн. Энэ зорилгыг биелүүлэх хүрээнд гурван зорилт дэвшүүлж байна. Нэгдүгээрт "МАНАН" дэглэмийг халах, хоёрт Шударга бөгөөд хүчирхэг төр байгуулах, гуравт Улс төрийн тэргүүлэх хүчнийг үндэслэх гэсэн зорилт байна.
ТТЭНН-аар зарчмын хувьд цоо шинэ улс төрийн эвслийн суурийг тавьж байгаа нь бидний дараагийн том алхам. Өмнө нь олон эвсэл байгуулагдсан цаг хугацааны сорилтыг даалгүй задран унаж байсан. Бид энэ удаад үндэсний ардчилсан үзэл санаанд тулгуурласан, эрин цагийн дуудлагад хариу өгөх чадвартай, улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн шинэ дэвшилтэт хүмүүсийг нэгтгэж, зөв хүмүүсийн эвсэл байгуулахыг гол зорилгоо болгож байна” гэсэн юм.
Тус намын Ээлжит бус их хуралд зориулж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн илгээлт явуулсан бол УИХ-ын дэд дарга Л.Цог, Монгол Улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич С.Нарангэрэл, Ардын багш, доктор профессор С.Галсан нар баяр хүргэн үг хэлж, ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд урилгаар оролцсон юм.
Мөн өнөөдрийн хурлаар тус намд шинээр элсч буй гишүүдийн төлөөлөлд намын батлах гардуулах ёслол боллоо. Намын батлахыг ТТЭНН-ын дарга Г.Уянга, ЕНБД П.Болд, зөвлөх Д.Ганхуяг, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсуурь, үүсгэн байгуулагч Ц.Батдорж нар гардуулав.
Ээлжит бус их хурлын үеэр тус намын дарга, УИХ-ын Г.Уянгаас зарим зүйлийг тодруулав.
-ТТЭНН-ыг сонгох болсон шалтгаан юу байв?
-Миний бие шинэ нам байгуулахаар найз нөхдийн хамт бүртгүүлэх гээд амжилт олоогүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж сонгуулийн санал хураалт болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам сонгуульд оролцох хатуу хуультай болсон. Тиймээс бид байгуулагдсан намуудаас сонголт хийхээс өөр аргагүй болсон. Монголд 24 нам байна. Энэ дундаас Тусгаар тогтнол эв нэгдлийг намыг сонгосон. Бид энэ намын суурин дээр улс төрийн шинэ хүчний зохион байгуулалтын цоо шинээр хийх ёстой гэдэг улс төрийн шийдэлд хүрсэн. Би намын даргаар томилогдоод найм дахь өдрөө Их хурлаа хийж байна.
-Таны тавьсан илтгэлд МАНАН-гийн дэглэмийг халах тэргүүн зэргийн зорилт гэж тодотгож байсан тань анхаарал татлаа. МАНАН-г яаж халах гэж байна вэ?
-Өнгөрсөн 26 жил Монголын нийгэм задралд хүргэсэн, эвдүүлэн бусниулсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүний гол шалтгаан нь МАНАН байсан гэж хэлж болно. Бид сэтгүүлч байхаасаа л эхлээд 10 гаруй жил энэ нийгэм болохгүй байна гэдгийг шүүмжилж, системийг бүхэлд нь өөрчлөх ёстой гэж, МАНАН гэдэг хэллэгийг бий болгож байсан хүний хувьд “МАНАН биш бол хэн юм бэ?” гэдэгт хариулт өгөх ёстой гэж үзсэн. Энэ бол улс төрчийн хувьд хариуцлага. Бид одоо Монголыг эвлүүлнэ, нэгдүүлнэ. Гэхдээ энэ нь тамганы нэгдэл биш. Зөв хүмүүсийн нэгдэл байж монголчуудыг эвлэрүүлэх ёстой гэж үзэж байгаа.
-Танай намд УИХ-ын гишүүд болон олны танил эрхмүүдээс олон хүн элссэн гэж ярьж байна? Энэ талаар?
-Одоогоор тийм хүмүүс байхгүй. Би хувьдаа ойр дотны, үзэл санаа нэгтэй нөхөддөө бүгдэд нь урилга хүргүүлсэн. Нийгэм болохгүй байгааг ойлгосон бүх хүмүүс нэг талд гарч нэгдэх ёстой гэж үзэж байгаа. Монголын төлөө гэсэн зөв сэтгэлтэй, улс орныхоо төлөө өөрийгөө золиосолж чадах, эрсдэл хийж чадах хүн бүр нэгдээсэй гэж хүсч байна.
-Шинэ байгуулагдаж байгаа намын ард хэн нэгэн нууц эзэн байна гэж харддаг?
-Энэ намыг анх үүсгэн байгуулж санаачилсан хүмүүс нь хэн ч мэдэхгүй залуус байдаг. Одоо бол энэ намыг зөв хүмүүсийн нэгдэл гэж ойлгож болно.
-УИХ-ын гишүүн Х.Баттулгыг танай намд элсэж магадгүй гэсэн сураг байна?
-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Хэрэв элсэж ирвэл баяртайгаар хүлээж авна. Эрх баригч намуудад байгаа зөв хүмүүс, шударга ажиллах гээд боломж олдохгүй байгаа бүх хүнд манай нам нээлттэй.
-Бие даагч гишүүдэд санал хүргүүлсэн үү?
-Бие даагч гишүүд рүү урилга хүргүүлсэн. Ямар сонголт хийж байгааг одоохондоо мэдэхгүй байна. Ямар ч сонголт хийсэн бид фронтын нэг шугаманд байх болно гэж бодож байна.
-Ирэх сонгуульд танай намаас хэчнээн хүн нэр дэвших боломжтой гэж харж байна?
-Бид нэр дэвшүүлэх талаараа ярилцана. Эвсэл гэдгийг нэг нэг тамга халаасалсан жижиг намуудын нэгдэл гэж өмнө нь хардаг байсан. Энэ удаа бид хэн ч мэдэхгүй тамгануудын нэгдэл бус зөв үзэл санаатай хүмүүсийн нэгдэл байлгахыг л хичээж ажиллана. Гэхдээ энэ процесс арай болоогүй байна. Эхлээд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, хуулийн дагуу бүртгүүлнэ. Үүний дараа нэр дэвшигчдээ сонгоно. Нэр дэвшигчдээ бид “Жудагт Монгол” хөдөлгөөнтэй хамтарч сонгоно гэж ярилцсан байгаа.
-Намын санхүүжилтийг хаанаас босгож байна вэ?
-Бид мөнгөөр, эсвэл гишүүнчлэлээр эрх баригч намуудтай өрсөлдөх ямар ч боломжгүй. Бид зөвхөн зөв хүмүүсийн нэгдлээр өрсөлдөнө. ТТЭНН зөвхөн гүүр болж байгаа. Өөрөөр хэлбэл бусад намуудаас нэр дэвшихэд мөнгөний өндөр босго тавьдаг бол бид зөв хүмүүсийн нэр дэвших гүүр болохыг зорьж байна. Яваандаа бид улс төрийн намуудын санхүүжилтийн системийг өөрчлөх, төрийг бүтцээр өөрчлөх арга замуудыг гаргаж тавина.
-Танай намын сонгуульд өрсөлдөх Мөрийн хөтөлбөрийн гол тактик юу байх вэ?
-Ерөнхийдөө Монголын нийгмийн гажуудлын суурийг устгах ёстой. Суурь зөв тавигдсаны дараа эрүүл ургамал ургана. Тиймээс бид Мөрийн хөтөлбөрөө ч үүнд ерөнхийд нь чиглүүлнэ. Мөн бид гишүүдийн тоогоор, мөнгөөр уралдахгүй. Харин бодлогоор, эв нэгдлээр уралдана гэдгийг хэлмээр байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ