Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 15:05:07

Жил бүрийн 4 дүгээр сард Монгол Улс даяар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд уг аяныг 4 сарын 4-ний өдөр эхлүүлсэн бөгөөд “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах нь” уриан дор аймгийн Засаг даргын захирамж гарч, 10 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.

Аяны үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгуулж байгаа ба хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар зөвлөмж бүхий материалыг хэвлүүлэн ард иргэдэд тарааж, төв талбай дахь мэдээллийн дэлгэцээр сэрэмжлүүлэг бүхий бичлэгүүдийг нийтэд сонордуулж байгаа юм.

Мөн Хужирт сумын “Жем хужирт” ХХК, Хархорин, Бат-Өлзий сумдын нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, дулаан үйлдвэрлэлийн машинистууд, мод, модон үйлдвэрлэлийн ажилтнуудыг сургалтанд хамруулж, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Шингэрүүлсэн шатдаг хий газ, даралтат сав, шугам хоолойн хэрэглээний аюулгүй байдал асуудал, Галын хорны аюулгүй байдлын талаар онолын болон дадлагын мэдлэгийг олгож байна. Энэ үеэр уурын зуухны галч нарыг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулжээ.

Түүнчлэн Богд, Гучин-Ус сумдад “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах журмын хүрээнд “Эрүүл аюулгүй ажлын байрны хөтөч цүнх”-ийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл аялуулаад байгаа аж.

 Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ