Япончууд хиймэл дагуулын шинэ систем байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-18 14:52:31

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар Байгалийн хүчтэй гамшигт өртсөний улмаас газрын шугам болон станцууд гэмтсэн тохиолдолд харилцаа холбооны найдвартай байдлыг хангах зорилгоор хиймэл дагуулын шинэ систем байгуулах шийдвэр гаргажээ. Ийм хиймэл дагуулуудын нэг нь одоо тойрог замд байрлаж байгаа бол өөр хоёр хиймэл дагуулыг 2017 онд, дахин гурван хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай “Nikkei Asian Review” цахим хуудсанд мэдээлж байна.

“Митибики" /“Дамжуулагч”/ гэж нэрлэх хиймэл дагуулын шинэ систем байгуулж буйн гол зорилго нь 2011 оны гуравдугаар сард үүссэн нөхцөл байдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх явдал юм. Тухайн үед хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас Японы зүүн хойд хэсэгт орших Хоншю аралд хөдөлгөөнт холбоо буюу гар утасны 29 мянган станц, телефон утасны 1.9 сая шугам жагсаалаас гарч байв. Энэ нь аврах ажиллагааг явуулах, хохирлын уршгийг тооцон гаргахад ихээхэн бэрхшээл учруулж байжээ.

Шинэ хиймэл дагуулууд сансраас байршил тогтоох болон харилцаа холбооны станцын үүргийг гүйцэтгэх ёстой юм. Уг систем нь мөн алслагдсан бүс нутгийн оршин суугчдад анхааруулга өгч, шаардлагатай мэдээллээр хангана. Туршилтын журмаар шинэ системийг 2018 онд ажиллуулж эхлэхээр төлөвлөжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ