Хүүхдүүдэд зургаан чиглэлийн дагуу ажлын амлалт өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-02 10:19:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн сурагчид аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийж, ирэх онд зургаан чиглэлд хэрэгжүүлэх ажлын амлалт авчээ. 

Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг нар Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдтэй уулзаж, сурагчдын санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр орон нутгийн хүүхэд багачуудын өмнө ямар үүрэг хүлээн ажиллахаа илэрхийлж, зарим ажлыг үе шаттай хэрэгжүүлэх амлалт өгсөн аж. 

Үүнд: Ховд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди хэлэхдээ, ирэх 2020 онд хоёроос доошгүй орон сууцны гадна хүүхдийн тоглоомын талбай байгуулах, Баянбулаг хүүхдийн зуслан болон тус зөвлөлийн ажлын өрөөнд тохижилт хийх зэрэг ажил гүйцэтгэнэ гэв.

Харин аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг орон нутгийн төсвөөс хуваарилах хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, албан байгууллагын дэргэд болон ерөнхий боловсролын сургуульд “Хүүхэд хөгжлийн төв” байгуулахад дэмжих, өсвөр үед ээлтэй клиникийн үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана гэж амлалт өгсөн хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ