Валютын нөөцийг 6 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-29 17:17:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхдээ төгрөгийн дотоод тогтвортой байдлыг хангах үүднээс тэнцвэртэй бодлого барих хэрэгтэй байна.

Энэ талаар Монголбанкнаас өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулсан “Гадаад валютын нөөц сэдэвт хурал дээр МУИС-ийн дэд профессор Б.Алтанцэцэг онцоллоо.

Тэрээр “Монгол Улсын макро эдийн засгийн эмзэг байдал, түүнийг бууруулах нь” илтгэлдээ, эрдэс баялаг болон ХАА-н түүхий эдээ зөвхөн экспортолж буй гадаад зах зээлээс хамааралтай, манай улсын эдийн засгийн эмзэг байдлыг багасгах нь чухал” гэдгийг онцлов. “Манай улс гадаад валютын нөөцөө аажмаар бүрдүүлэх нь зөв байх. Учир нь валютын нөөцөө бүрдүүлж байна гэдэг нөгөө талд Төвбанкны мөнгөний бодлого явж байна гэсэн үг.


Тиймээс аль аль талын тэнцвэрийг барих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нөөцөө нэмэгдүүлэх бодлого маань инфляц буюу төгрөгийнхөө дотоодын тогтвортой байдлыг алдах эрсдэл бий” гэдгийг тэмдэглэсэн.

Өнөөдрийн хурал валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, нөөцийг нэмэгдүүлэх боломж, тулгарч буй бэрхшээл гэсэн үндсэн 2 хэсэг бүхий салбараар болсон юм. Энд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Эдийн засгийн гадаад эрсдэл” сэдвээр, мөн банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Гадаад валютын нөөцийн хүрэлцээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.  

А.Энхжин илтгэлдээ, “Гадаад валютын нөөцийг ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгасан хэмжээгээр, цаашид 6 тэрбум ам.долларт хүргэж улам нэмэгдүүлж байж зохих шаардлагатай түвшинд хүрнэ. Нөөцийн хүрэлцээг олон улсад импортыг хэрэгцээг хангах, гадаад өрийн хэмжээтэй харьцуулах зэргээр олон янзаар тооцдог”-ийг хэлэв.


Тэрээр, “Манай улсад эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд эрсдэлийн даван туулах бэлтгэлийг хангах шаардлага бүхий нөхцөл байдал тулгарч байгаа.

Эдгээрийг даван туулахад олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Үүний нэг том ажил нь валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх явдал юм” гэдгийг онцоллоо.


Хуралд гадаад валютын орлоготой уул уурхай, ноолуур, автотээврийн салбарын томоохон компани, ААН-үүдийн төлөөлөл, арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид болон холбогдох яам, агентлагийн албан тушаалтнууд оролцлоо. 

Хэлэлцүүлэг уулзалтад оролцсон Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөл мэдээлэл хийх үеэрээ “Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ” гэдгээ илэрхийлж байв. Тус банк “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 280 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгоод байгааг мэдээллээ.

Мөн газрын тосны боловсруулах үйлдвэрийг санхүүжилсэн. ТЭЦ-4-ийн 1-4-р турбины шинэчлэл, Амгалангийн дулааны станцыг цахилгаан станц болгож 50 мегаватаар нэмэгдүүлэх, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 мегаваттаар нэмэгдүүлэх зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийн эх үүсвэрийг шийдэж санхүүжилтийг олгох шатанд явж байна. Өнгөрсөн онд 500 сая долларын бондыг гаргаж амжилттай арилжсан. Энэ бүхэн нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна гэв. 


                                                                                                                                                                                          Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ