“Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ" аймгийн хоёрдугаар уралдааныг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-28 18:24:58

Хэнтий /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ой, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойг тохиолдуулан Хэнтий аймгийн ИТХ санаачлан “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ" аймгийн хоёрдугаар уралдааныг зохион байгууллаа.


Тус уралдааныг Их эзэн Чингис хааны голомт нутагт аж төрөн амьдарч, ариун дагшин түүхт газар орныг сахин суух хувь зохиолтой иргэдийн хувьд эх түүхээ уншиж судлах, Монгол газар нутагтаа хайртай эх оронч үзлийг төлөвшүүлэх, ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явуулж байгаа аж.


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд 120 оролцогч өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрт Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн сургуулийн 12б ангийн сурагч М.Сод-Ирээдүй, дэд байрт Бэрх тосгоны ЕБС-ийн 12б ангийн сурагч Б.Отгонбаяр, гутгаар байрт Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 12д ангийн сурагч Д.Нямдаваа нар шалгарч батламж, гадаад улсад аялах эрхийн бичиг /13 дугаар зууны үеийн Чингис хааны нутгаар/-ээр, удаах байруудад Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 10б ангийн сурагч Б.Чойжамц, Бор-Өндөр цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Б.Үйлстөгөлдөр нар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.

Харин насанд хүрэгчдийн ангилалд 24 иргэн өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрт Норовлин сумын ХААН банкны ахлах теллер Г.Мөнхгэрэл, дэд байрт Баян-Овоо сумын ЕБС-ийн ажилтан Б.Азжаргал, гутгаар байрт Хэрлэн сумын иргэн, оюутан Н.Алтантулга нар шалгарч батламж, гадаад улсад аялах эрхийн бичиг /13 дугаар зууны үеийн Чингис хааны нутгаар/-ээр шагнууллаа. Уралдааны удаах байруудад Хэрлэн сумын тавдугаар багийн өндөр настан Д.Туяа, Батноров сумын малчин С.Мөнхбаатар нар шалгарсан байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү тэмцээнийг анхнаас нь дэмжин оролцож ирсэн бөгөөд анхдугаар уралдааны шагналтнуудад "Монголын нууц товчоо"-г гардуулж байсан бол энэ удаа хоёр оролцогчийн гадаадад аялах зардлыг хариуцав.

Тэмцээнийг Хэнтий аймгийн ИТХ-ын ажлын алба, Хэнтий аймгийн Чойномын нэрэмжит нийтийн номын сан, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн “Монголын Нууц товчоонд нэвтрэхүй” баг, Тэмүүжин цогцолбор сургууль хамтран зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ